Сангийн сайд Б.Жавхлан Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Маныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч 07 дугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийсэн. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад ажиллаж байна. Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Маныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага солилцох талаар ярилцав. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. Сингапурын Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр дунджаар 90 орчим төрийн албан хаагчид Төрийн удирдлага, Засаглалын ил тод байдал, Хот төлөвлөлт зэрэг богино хугацааны сургалтад хамрагдаж байна.