Иргэний нийгмийн 30 байгууллага хамтран МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ

Сайн засаглал, хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлд ажилладаг 30 гаруй ТББ хамтран МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ. Олон нийтийн дуу хоолой болсон МҮОНРТ-ийн удирдлагын томилгоог Олон нийтийн радио, телевизийн хуульд нийцүүлэн хийх, тус байгууллагын үйл ажиллагааг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахыг шаарджээ.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

“Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд МҮОНРТ-ийг “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн” хэмээн заасан. Гэтэл олон нийтийн гэх тодотголтой МҮОНРТ-ийн удирдлагын томилгоо нь олон нийтийн оролцоонд тулгуурладаггүй, улс төрийн нөлөөлөл дор явагдаж ирснийг бид эрс буруушааж, цаашид хараат бусаар, хөндлөнгийн нөлөөлөлгүй томилгоо явуулах нөхцөлийг хангаж ажиллахыг шаардаж байна.

Иймд Монголын хүний эрх, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хандан:

  1. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилохдоо Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу “сонгон шалгаруулах” замаар томилох, чингэхдээ нээлттэй зарлаж, талууд шударгаар өрсөлдөх боломжит хугацаа олгох;
  2. Мөн тус хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий захирлаар нэр дэвшүүлэх хүнд “улс төрийн намын гишүүн бус” байх шалгуурыг тавих;
  3. Томилгооны үйл явц ашиг сонирхлын зөрчил, улс төрийн нөлөөнөөс ангид, олон нийтийн оролцоотой явагдах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс томилгооны сонсгол явуулахыг шаардаж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ