“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны  сонгон шалгаруулалт зарласан бөгөөд бүртгэлийн үе шат энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дуусан, нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлагдсан ажлын байранд тавигдсан шаардлагад ажил горилогчид нийцэж буй эсэхэд тэдний бүртгэлийн шатанд бүрдүүлсэн материалын хүрээнд нягталсан байна.

Үүнтэй холбоотойгоор тус сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатны дүн мэдээ болон сорил, ярилцлагын шалгалтын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийв. “Эрдэнэс Монгол” ХХК-аас зарласан 71 нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад https://e-tanhim.gov.mn/ сайтаар давхардсан тоогоор 3544, давхардалгүйгээр 2,955 иргэн материалаа ирүүлсэн байна. ЗГХЭГ, ЦХХХЯ, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Удирдлагын академи болон МҮХАҮТ-ын төлөөлөл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг энэ сарын 17-20-ны хооронд ажил горилогчдын сонгон шалгаруулалтад илгээсэн бичиг баримтыг нягтлан шалгаж дуусжээ. Энэ талаар  Ажлын хэсгийн гишүүн, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга С.Санчир “Сонгон шалгуулалтад анкетаа ирүүлсэн иргэдийн баримт бичгийг тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан шалгахад 2,407 нь шаардлага хангаж, 1,137 нь шаардлага хангаагүй байна. Тухайлбал, ахлах менежерийн ажлын байранд 454 хүн бүртгүүлснээс 234, менежерийн ажлын байранд 693 хүн бүртгүүлснээс 345, гүйцэтгэх ажлын байранд 2,397 хүн бүртгүүлснээс 1,828 хүний материал шаардлага хангасан байна. Шаардлага хангаагүй шалтгаан нь ажлын байранд тавьсан боловсрол, мэргэжил, ажилласан жилийн шаардлага тус тус хангаагүй, боловсролын түвшин тодорхойлох болон бусад нотлох баримт хавсаргаагүй зэрэгтэй холбоотой” гэв. Бүртгэлийн шатанд оролцсон иргэд хариутайгаа https://e-tanhim.gov.mn/ сайтаар танилцах боломжтойгоос гадна тэнцсэн иргэдийн гар утсанд мэдээлэл хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалтын дараагийн үе шат буюу сорилын шалгалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар мэдээлэв. Сорилын тест боловсруулсан багтай нууц хадгалах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд сорил тест боловсруулсан баг ТАЗ-ийн системд хараат бус байдлаар өөрсдөө бүрэн оруулсан бөгөөд шалгалт авах өдөр ТЕГ-ын хяналтан дор сорилын хувилбарыг үүсгэн, системийг коджуулан нууцын зэрэгтэйгээр бэлдэх бөгөөд, УБЕГ-ын Улсын бүртгэгч нар оролцогчдыг хуваарийн дагуу хурууны хээгээр тулган шалгалтад оруулан зохион байгуулна. Мөн тестийн шалгалтын хариу шалгалтын хугацаа дуусахад систем дээр шууд гарах бөгөөд нэгтгэл дүн тухайн албан тушаал дээр өрсөлдөгчид бүгд сорил тестээ өгснөөр шууд гарах аж.

Тухайн албан тушаалд өрсөлдөгчдөөс тестийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан таван хүнийг  ажлын ярилцлагад урих бөгөөд ярилцлагыг нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байранд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сонгон шалгаруулалтын бүхий л үе шатыг хараат бус, ил тод, нээлттэй зарчмаар хөндлөнгийн хяналттайгаар зохион байгуулж байгааг ажлын хэсгийнхэн мэдээллээ.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна