Төв банкны удирдлагууд ББСБ-тай эсэх асуудлаар Авлигатай Тэмцэх Газарт ханджээ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Тэрбээр "Өнгөрсөн онд “Голомт” Төрийн банк “IPO” зарласан бол “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банкуудын IPO зарлах ажлыг хуулийн хугацаанд буюу энэ оны зургаадугаар сараас өмнө амжилттай зохион байгуулна.
10 их наядын хөтөлбөрт тусгагдсан гурван хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, зээлийн төлөлт болон эрсдэлийн тал дээр анхааран ажиллаж байгаа, хяналт шалгалтын ажлын тайлан мэдээг ирэх хаврын чуулганд танилцуулна.
Цахим орчинд яригдаж буй төв банкны удирдлагууд Банк Бус Санхүүгийн Байгууллагатай/ББСБ/ холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, Авлигатай тэмцэх газарт хандсан. Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмүүдийн дагуу тодорхой арга хэмжээг авч байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Уул уурхайн бус экспорт, тэр дундаа ноолуурыг нэмүү өртөг шингэсэн, боловсруулалт сайтай бүтээгдэхүүн болгохоор холбогдох яамтай хамтран ажиллаж байгаа.
Бид 10,000 тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргавал жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоо гаргасан.
Нэг жишээ дурдахад өнгөрсөн 2022 онд “Оюу толгой” компанийн орлого 1.4 тэрбум ам.доллар байсан. Бид ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолж чадвал энэ хэмжээний орлого олох бүрэн боломж бий” гэсэн мэдээллийг өгөв.
Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, экспортыг дэмжиж, импортыг орлуулах тал дээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө УИХ-ын даргад өргөн барьжээ.