УИХ дахь МАН-ын бүлэг 2021 онд халамжийг хазаарлана гэж тооцжээ

Улсын төсвийн тухай хуулийн төслийг байнгын хороодын хэлэлцүүлгүүдэд бэлтгэх УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, Б.Жавхлан гишүүн ахалж байгаа. Өнөөдөр ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг бүлгийн хурлаар хэлэлцсэн байна.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан хэлэхдээ “Ажлын хэсэг өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Энэ жилийн төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засаг, нөгөө талаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах Засгийн газраас өргөн барьсан анхны төсөв. Засгийн газар ирэх оны төсвийг боловсруулахдаа нэлээд өөдрөг төсөөлсөн. 2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлого 12 их наяд төгрөг байсан бол 2020 оны төсвийн тодотголын дараа төсвийн орлого 10.7 их наяд төгрөг болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийн орлогыг 13.1 их наяд төгрөг буюу 20 хувиар өндөр төсөөлсөн. Тиймээс энэхүү өндөр төсөөллөө биелүүлж чадах уу гэдэг нь асуудлын гол. Анхаарах ёстой асуудал гэвэл төрийн өмчит болон улсын, орон нутгийн өмчит газруудын төсөвт төвлөрүүлэх нь орлого нь маш хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар энэ чиглэлд даруй бүтцийн өөрчлөлтүүд хийх шаардлагатай. Үр ашиггүй компаниудыг төр авч явах хэрэг байна уу гэдгийг ч ярилаа.

2021 оны төсвийн зарлагын тухайд хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтууд танагдсан. Урсгал зардал тал дээр хэмнэлт хийсэн. Тэвчиж болох хөрөнгө оруулалтууд болох танах боломжтой урсгал зардлууд юу байна вэ гэдэгт ажлын хэсэг сууж ажиллалаа. Дээрх хоёр зардалд 60-70 тэрбум хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан эхний тооцоо гарсан. Байнгын хороогоор тоон дүн эцэслэгдэнэ.

Нийт 1.3 их наяд төгрөгийн халамжийн зардлаас 860 тэрбум төгрөг хүүхдийн мөнгөнд, үлдсэн нь 68 нэр төрлийн халамжид зарцуулагдана. Судалгаагаар дор хаяж 3-5 хувийн хэмнэлт гаргах боломжтой юм билээ, энэ хүрээнд халамжаас 25 тэрбум төгрөгийн хэмнэлт хийхээр эхний тооцоолол гарсан.

Онцгой комисст хамаарагдах төсвийн захиран зарцуулагч нараас бусад төсвийн байгууллагуудын зардлыг 10-15 хувиар хэмнэх боломжтой гэж үзсэн. Мөн тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, урсгал зардал, зохион байгуулалтын арга хэмжээнээс 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолсон” гэв.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ