Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж буй.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Морингийн даваа орчимд байгуулж буй авто баазын бүтээн байгуулалтын хүрээнд автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвийг барихаар төлөвлөсөн.
Гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Нийт 110 автобусны багтаамж бүхий дулаан гараашны ажлыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Гарааш болон халаалтын зуух ашиглалтад орсноор үйлчилгээнд явж буй автобуснууд дулаан гараашт байрлах боломж бүрдэх юм.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат "Морингийн давааны авто баазын бүтээн байгуулалтад хүндрэл гараагүй. Энэ оны дөрөвдүгээр сард тендер нь зарлагдсан бөгөөд ажлын графикийн дагуу бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тахилт дахь авто баазын хувьд багагүй асуудал үүссэн. Тус авто баазын ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд 11 аж ахуйн нэгж 13 ажлыг хуваан хэрэгжүүлж байгаа.
Аж ахуйн нэгж хоорондын ажлын уялдаа хамаарлаас үүдэн хүлээгдэж буй ажлууд бий. Мөн зарим аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас үүдэн хугацаа алдсан асуудал ч байгаа. Тахилт орчимд байгуулж буй тус дулаан гарааш нь 110 автобусны багтаамжтай. Эхний ээлжид буюу энэ онд багтаан 55 автобусны гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд үлдсэн 55 автобусны гараашийн ажлыг дуусгана.
Гараашнаас гадна автобус угаалгын төв, засварын төв зэрэг объектыг барьж байгаа бөгөөд одоогоор 28 автобусны угаалгын болон засварын төв ашиглалтад ороод байна. Ийнхүү энэ онд Морингийн даваа болон Тахилт орчимд байгуулж буй автопаркийн эхний ээлжийн объектууд ашиглалтад орсноор ойролцоогоор 200 гаруй автобусыг дулаан гараашинд байрлуулах боломж бүрдэнэ.
Шинэ автобуснууд орж ирэх гэж буйтай холбогдуулан автобусны гарааш, халаалтын зуухыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагыг гүйцэтгэгчдэд тавьж байгаа. Тус хоёр байршил дахь авто баазын ажил ирэх онд бүрэн дуусна.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацаа өгсөн бөгөөд заасан хугацаанд ажлаа бүрэн дуусгаагүй бол гэрээг цуцалж байгаа" хэмээлээ.
Орж ирж буй автобуснуудыг хотын төв болон баруун, зүүн талд хуваарилан байрлуулахаар төлөвлөсөн. Хотын баруун болон зүүн зүгт холын чиглэлийн автобуснууд явдаг бөгөөд голчлон дунд болон их багтаамжийн автобуснуудыг хуваарилдаг байна.