"Тогтвортой амьжиргаа-3" төслийн үйл ажиллагааны хүрээнд иргэдийн оролцоо дөрөв дахин нэмэгджээ
Төвлөрлийг сааруулах, бүс, орон нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хадгалах, иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг Засгийн газар эхлүүлж, “Тогтвортой амьжиргаа 1, 2, 3” төслүүдийг шат дараатай хэрэгжүүлсээр иржээ.
Тус хөтөлбөр нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг бий болгох, иргэд өөрсдөө санаачлан бодит хэрэгцээгээ тодорхойлж, саналаа гарган төсвийн төлөвлөлтөд оролцох тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хэрэгжсэн юм.
Хөтөлбөрийн хоёр дахь шатанд буюу 2013 онд Монгол Улс Төсвийн тухай хуульдаа "Орон нутгийн хөгжлийн сан"-тай байхаар тусгаснаар иргэд жил бүр “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр амьдарч байгаа орчноо сайжруулахын тулд юу хийлгэх саналтай байгаагаа жил бүр 1-6 дугаар сарын хугацаанд өгдөг болоод 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Харин гурав дахь үе шат болох “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж иржээ.
Тухайлбал сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн гүйцэтгэлд жил бүр “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ” хийсэн аж. Анхны үнэлсэн жил буюу 2016 онд 330 сумын дундаж оноо 32% байсан бол тус үнэлгээн дээр дүн шинжилгээ хийж олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлсний үндсэн дээр 2023 онд нийт сумдын дундаж оноо 71%-д хүрсэн ололт амжилттай байна.
Түүнчлэн "Тогтвортой амьжиргаа-3" төслийн үйл ажиллагааны хүрээнд иргэдийн оролцоо дөрөв дахин нэмэгдсэн байгаа нь онцлох үр дүн юм.
Өнөөдөр болсон “Төвлөрлийг сааруулах нь – Бүс, орон нутгийн хөгжил” хэлэлцүүлгээр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийн хүрээнд бий болсон ололт амжилтыг дүгнэх, цаашид энэхүү бий болсон үр дүнг хэрхэн тогтвортой авч явах, түүнийг бусад салбаруудад нэвтрүүлэх талаар хэлэлцэв.
Өнгөрсөн хугацаанд “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд нийт 50 гаруй мянган төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж, зорилтот бүлгийн буюу орон нутгийн 1.6 сая иргэдээс гадна улсын хэмжээнд нийт 3.6 сая иргэнд хүртээмжтэй мэдээ мэдээллийг түгээж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем болон иргэдээс санал авах “ОНХС” гар утасны аппликэйшнийг хөгжүүлж өнгөрсөн хоёр жилд тус аппликэйшнээр 600 орчим мянган цахим саналыг авчээ.
Түүнчлэн төрийн албан хаагчид төслийн хүрээнд бий болгосон бие даан суралцах цахим сургалтын платформуудыг ашиглалтад оруулж, Орон нутгийн хөгжлийн сангийн эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажилласан байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр дан ганц “Тогтвортой амьжиргаа-3” төслийн үр дүнгээр хязгаарлагдахгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, гүйцэтгэлд суурилсан урамшууллын механизмыг хэрхэн өргөжүүлэх талаар олон талын эх сурвалж, мэргэжилтнүүд хэлэлцэж байна.