“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БАЯЖУУЛСАН НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн хүрээнд 2023 оны 02 сарын 09-ний өдрөөс нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан худалдаалж эхэлсэн.
Өнөөдөр компанийн түүхэнд шинэ хуудас нээгдэж анхны баяжуулсан нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар борлууллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд хоёр худалдан авагч оролцож 163.5 ам.долларт хэлцэл хийгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” 2 багц 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор арилжааллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10.5-с доош, барьцалдах чадвар нь 80-с дээш, 7000-с дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс, үнслэг нь 22-с доош, 6000-с дээш илчлэгтэй, 23-с доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-с доош үзүүлэлттэй эрчим хүчний нүүрс тус тус үйлдвэрлэж байна.
Компани өнгөрсөн хугацаанд нийт 108 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 8.6 сая тонн коксжих нүүрс, 10.8 сая тонн 1/3 коксжих нүүрс, 3.5 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжаалж 2.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна.