“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Олон улсын хурал нь Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд охидыг чадавхжуулах асуудлаарх Бээжин хотноо 1995 онд хуралдсан Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.
Олон улсын хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс бол хүн ам цөөтэй ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг хамгийн ихээр амсаж буй орнуудын нэг юм. Сүүлийн 80 жилд манай орны агаарын дундаж температур 2.4 хэмээр өссөн, 832 нуур, усан сан ширгэсэн, мөсөн голын талбай 30 хувиар багассан, нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Гэсэн хэдий ч Монгол Улс ердөө 0.1 хувь хүлэмжийн хийг ялгаруулдаг. Нүүдлийн соёл бол бидний мянган жилийн амьдралын хэв маяг. Гэвч өнөөдөр ган, цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэл учруулж байна. Тиймээс ч 2024 онд Уур амьсгалын өөрчлөлтийн яамыг шинээр байгууллаа” гээд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бөгөөд дэлхийн хамгийн том байгаль орчны хуралдаануудын нэг болох тус хуралд жендэрийн тэгш байдлыг онцлох сэдэв болгон өрнүүлэхийг онцлон тэмдэглэлээ.