Цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах төслийг үргэлжлүүлэх шаардлагатай
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Улаанбаатар хотод 1964 онд бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш гурван үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэж хоногт 230,000 шоо метр ахуйн бохир усыг хүлээн авч, биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэх байгууламжтай болж байв.
Харин 1990 оноос нийслэлийн хүн амын өсөлт хурдацтайгаар нэмэгдэж, хот өргөжин тэлж тэр хэрээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй болж, бетон байгууламжууд ч элэгдэж муудан, техник технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан билээ. Лагийг байгалийн аргаар хатааж их хэмжээгээр хуримтлуулсны зэрэгцээ өдөр бүр түүхий лагийг ил задгай талбайд хатааж байсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төвд хүртэл эвгүй үнэр үнэртэх болсон.
Тиймээс Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол гарч, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, 2020 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Хүнсний болон ахуйн үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж байхгүйгээс шалтгаалан Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй хэвээр байгаа тул төслийг цаашид өргөжүүлж, үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.