“Микротиа танилцуулах өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Микротиа гэж юу вэ?

Ургийн хөгжлийн үед чихэнд илрэх гажгийг Микротиа, Анотиа гэж нэрлэдэг.
Анотиа - Хүүхдийн чих дэлбээгүй байхыг хэлнэ.
Микротиа - Хүүхдийн чихний дэлбээний хэмжээ жижиг дутуу хөгжилтэй байхыг хэлдэг. Микротиа гэдэг нь бичил чих гэсэн утгатай олон улсын нэршил юм. Ураг бүрэлдэх эхний сард буюу дөнгөж 5-8 долоо хоногтойд чих үүсдэг. Эход чихний дэлбээ нь 3 сартайгаас ялгарч харагдах боловч хүүхдийн байрлал, умайн тонус зэрэг нь харахад саад болдог ба сувгийн нарийсал, суваггүй байх нь оношлогдох ихээхэн төвөгтэй. Энэ гажиг нь дийлэнхдээ зөвхөн чихний дэлбээнд л нөлөөлдөг боловч ховор тохиолдолд чихний сонсголын суваг нарийхан, заримдаа огт сонсголын суваггүй байх нь бий.

Энэ өөрчлөлт нь генийн гажуудлаас үүдэлтэй гэж үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар доорх шалтгааны улмаас урагт гажиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдоод байна. Үүнд:

Жирэмслэхээсээ өмнө чихрийн шижин өвчнөөр өвчлөх.
Жирэмсний явцад нүүрстөрөгч болон фолийн хүчлийн дутагдлаас болдог гэж үзэж байна.

Хэрэв та эрүүл, хүүхэд төрүүлж өсгөхийн тулд эх өөрөө эрүүл ямар нэг архаг өвчингүй, жирэмсэлсэн үедээ фолийн хүчлийг сарын тэмдэг саатсан үеэс эхэлж аль болох эрт хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

ДЭМБ-ын статистикаар 1000 хүн тутамд 2-5 дүлий хүүхэд төрдөг бол чихний дэлбээний гажиг нь 2000-3000 хүүхэд тутамд 3-4 тохиолдол бүртгэгддэг байна. Чихний дэлбээгүй төрөх нь гадаад гоо сайхны асуудал тул хүүхэд томрох тусмаа ичиж сэтгэлзүйн дарамт авдаг. Микротиа оноштой хүүхдүүд хагалгаанд орох хүртлээ ясан дамжуулалтын апарат зүүж хэлд ордог байна. Энэхүү апарат нь 9500 ам доллар буюу 25 сая төгрөгний өртөгтэй. Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн даатгалаас 70% хөнгөлөлт үзүүлж, эцэг эхээс 30% буюу 6250000 төгрөгийг гарган ясан дамжуулалтын апаратыг худалдан авч байна. Төрөлхийн сонсголын гажигтай хүүхэд сонсож байж хэлд ордог тул энэхүү апарат эцэг эхчүүдийн хувьд зайлшгүй  шаардлагатай зүйл юм.

11 дүгээр сарын 9 нд Дэлхийн микротиа оноштой хүүхдүүдийн Эрхийг хамгаалах өдрийг “Сонор Микротиа” ТББ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Микротиа танилцуулах өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр энэ төрлийн бэрхшээлтэй олон эцэг эхчүүд, өхөөрдөм үрстэйгээ цугларан хамтдаа дуулж бүжиглэж өөрсдийн тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Өдөрлөгийн үеэр Монгол улсад чихний дэлбээ нөхөх хагалгаа хийгдэх боломжгүй, суваг нээх хагалгаа хийж байгаа ч үр дүн муутай, өрөмдсөн суваг эргэж битүүрдэг талаар эцэг эхчүүд ярьж байлаа.

Нэг чихний суваг, дэлбээтэй болохын тулд хавирганаас мөгөөрсөө авхуулж, гуянаасаа арьс нөхдөг, толгойны хуйхны доод арьс шаардлагатай байдаг. Бүрэн мэдээ алдуулалттай 10 гаран цагийн маш хүнд хагалгаанд ордог байтал улс эдгээр хүүхдүүдийг эрүүл гэж үзэж байгаад тэд гомдолтой байна. Гадаадад, жишээлбэл амeркад хоёр чихний суваг нээх, дэлбэн хийлгэх хагалгаанд орлоо гэж үзэхэд зөвхөн хагалгааны зардал нь монгол мөнгөөр 500 сая төгрөгний өртөгтэй. Иймээс гадаадад хийлгэх энэ өндөр үнэтэй хагалгааны зардалыг бэлдэхийн тулд улсаас авдаг асаргааны мөнгийг хурааж хуримтлуулдаг эцэг эх олон. Манай улсын хувьд 6 нас хүрсэн тохиолдолд асаргаанаас шууд хасаж байгаад шүүмжлэлтэй хандаж шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна.

Микротиа оноштой хүүхэдтэй эцэг эхчүүд Сонор ( mongolia microtia) facebook хаягаар болон 99738005, 90085151 утсаар хобогдож мэдээлэл авах боломжтой.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ