Унших дадлыг өөртөө суулгахад тань туслах 10 зөвлөгөө

Чи яаж амжуулаад байнаа, би унших гээд байгаа хэрнээ л амжихгүй юм гэдэг үгийг олон удаа сонсож байлаа. Тиймээс ном унших дадал суулгасан өөрийн аргаа хуваалцахаар шийдлээ. Сайн ном уншсанаар хүн асах их оюуны таашаал эдлээд зогсохгүй, өөрийгөө болон бусдыг маш сайн ойлгож сурдаг. Юуны өмнө унших дадал байхгүй бол уншихад амар хялбар номыг сонгох нь чухал. Өөртөө таалагдаагүй номыг унших гэж хүчлэх хэрэггүй. Уншихыг хүсэж байгаа номоо юун түрүүнд олоорой.

Унших дадлыг өөртөө суулгахад тань туслах 10 зөвлөгөөг хүргэе.

Тогтсон цаг сонго.Та өдрийн аль цагт унших боломжтой вэ гэдгээ тогтоогоод цагаа сонго. Өдөр бүр тогтмол цагтаа унших нь хамгийн хурдан унших дадал суулгах болно. Харин уншихдаа дор хаяж 30 минут уншиж хэвш. Ингэснээр уншиж байгаа зүйлдээ төвлөрч чадна. Тусгайлан цаг гаргаж түүнээ чанд мөрд.

Жагсаалт гарга. Уншихыг хүсэж буй номуудаа жагсаан бич. Унших номын жагсаалт, шинээр худалдан авах номын жагсаалтаа гаргаж явах нь маш үр дүнтэй. Мөн түүнээсээ уншсан номоо дарж тэмдэглэх нь ахиц дэвшлийг мэдрэх сайн арга юм.

Орчноо бүтээ. Гэртээ тухтай суугаад ном уншиж болохуйц газартай бол. Тэндээ зурагт, компьютер гэх мэт саад болох зүйлийг бүү байлга. Хэрвээ танд ийм газар байхгүй бол шинээр бүтээ. Ном уншдаг цагаа аль болох тав тухтай байлга. Ном унших үедээ цай, кофе ууж дуртай амттангаа идсэнээр таны уншлагын хамгийн дуртай цаг тань болох болно. Тухтай сандал дээр суугаад дулаан хөнжлөөр хөлөө хучсан ч болно.

Үргэлж ном авч яв. Үргэлж биедээ ном авч яв. Ингэснээр таниас шалтгаалаагүй хүлээгдсэн цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж болно. Хүн хүлээх, дараалал хүлээх, нийтийн тээврээр зорчих гээд бүхий л цагийг ашиглаж болдгийг мэдсэнээр миний амьдрал бухимдалгүй болсон юм.

Хүүхдүүддээ ном уншиж өг. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэндээ заавал ном уншиж өгөөрэй. Хүүхдүүддээ ном уншиж өгснөөр өөртөө ном унших дадлыг суулгаад зогсохгүй хүүхдүүдтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөж чадна.

Тэмдэглэл хөтөл.  Номын тэмдэглэл хөтлөхгүй бол хэсэг хугацаа, хэдэн номны дараагаас мартагдаж эхэлнэ.Тэмдэглэл хөтлөх маш олон арга байдаг ч өөрт тохирохыг л сонго. Зүгээр л номын нэр, зохиолчийн нэрийг бичихээс гадна уншиж эхэлсэн, дууссан огноогоо бичих хэрэгтэй. Хамгийн таалагдсан эшлэл, эсвэл өөрт төрсөн сэтгэгдлээ товч бич. Ингээд л болоо, амархан байгаа биз?

Уншигч найзуудтай бол. Уншсан номынхоо тухай ярилцах, санал бодлоо хуваалцах нь маш сонирхолтой. Мөн хамтдаа номын дэлгүүрээр зочилж, номоо солилцож унших нь хэмнэлттэй.

Дуртай номоо л сонго. Сонирхлыг чинь маш ихээр татсан номыг олж унш. Заавал утга зохиолын сод бүтээл байх албагүй. Хамгийн гол нь та номын амтанд орж байгаа нь чухал. Унших явцад сонирхолгүй санагдаж, уншихад хэцүү санагдвал уншихаа боль. Хүчилж уншиж болохгүй. Дараагийн номоо эхлүүлээрэй.

Тодруулж унш. Унших явцдаа тодруулагч ашиглах нь маш анхааралтай уншихад тусалдаг. Мөн уншиж дууссаны дараа өөрт таалагдсан хэсгүүдээ тодруулсан байх нь илүү үр дүнтэй уншлага болсныг илтгэнэ. Номыг муухай болгохгүй цэвэрхэн унших сонирхолтой бол наадаг өнгийн цааснууд хэрэглээрэй.

Зорилго тавь. Энэ жил 50 ном уншихыг хүсэж байна уу? Тэгвэл энэ нь долоо хоногт нэг ном гэсэн үг. 300 хуудастай номыг 7 хоногт унших хэрэгтэй гэвэл өдөрт 40-50 хуудас уншихад л болно. Гэвч унших нь ядаргаатай ажил биш, хийх дуртай, сонирхолтой ажил байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ