Т.Доржханд: ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй шийдвэрийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж хардаж байна
БИД НАЙМААЛЦДАГГҮЙ. БИД СОНГОГДОХЫН ТӨЛӨӨ ЗАРИМ НАМ ШИГ ХОГИЙН САВАНД ОРДОГГҮЙ
ХҮН-ын дарга Б.Найдалаа "Өнөөдөр Монгол Улсад шударга ёс, ардчилал гэж үгүй болжээ. ХҮН-аас нийт Монголчуудад хандан Монголын ардчилалд онц байдал зарлаж байна. Өнөөдөр бид ардчиллаа аврахгүй бол, шударга ёсыг тогтоохгүй бол маргааш таны хүүхдийг хэн нэгэн улс төрчийн захиалгаар гавлах болно. ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулахгүй байх улс төрийн зохион байгуулалт, санхүүжилттэй ажиллагаа явуулж байна. Манай нам дотоод тэмцэл, үл ойлголцол байхгүй. Ингэж харагдуулах гэж хичээж байна. Бид наймаалцдаггүй. Бид сонгогдохын төлөө зарим нам шиг хогийн саванд ордоггүй. Тиймээс бидний гадуурхаж, хавчиж байна" гэлээ.
БҮХ БИЧИГ БАРИМТ БҮРЭН ХЭМЭЭН БҮРТГЭСЭН АТАЛ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАХЫН ӨМНӨ ШҮҮХЭЭС ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөдөлмөрийн үндэсний намынхан хэн нэгэнд худалдагдахгүй. Бид өөрчлөлтийг бий болгохоор эвлэлдсэн болохоос хэн нэгэнтэй холбогдож улс төр хийх гээгүй. Биднийг хамтарч ажиллахгүй бол сонгуульд оролцуулахгүй гэж байна гэж ойлголоо. Бид эхнэр хүүхдийнхээ цүнхийг барьж явснаас хэн нэгэн эрх мэдэлтний цүнхийг барьж яваагүй.
Хуулийн байгууллага хараат, хэн нэгэнд үйлчилдэг байх юм бол өөрчлөх ёстой. Бидний шаардлагын хариуг 24 цагт өгөхгүй бол эсэргүүцэл илэрхийлж, хамгийн хүнд тэмцлийг сонгоно. Энэ бүхний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж хардаж байна.
Хуулийн дагуу бид сонгуульд оролцох бичиг баримтаа Нийслэлийн сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Бүх бичиг баримт бүрэн гээд бүртгэсэн байтал өчигдөр нэг шүүгч захирамж гаргаж биднийг сонгуульд оролцуулахгүй гэлээ. Өчигдөр 11 цагт шүүх хурал товлоод бидэнд хэлсэн. Шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй. Давж заалдах хугацаа 30 хоног. Тэгэхээр сонгууль дууссаны дараа л үүнийг шийдвэрлэхээр болж байна. Ийм хөгийн улс төрийн тоглолтыг шүүхээр, нэг шүүгчээр дамжуулан хийж байгаа юм. Тиймээс бид энэ асуудлыг 24 цагийн дотор, иргэдэд нээлттэйгээр шүүх хэрэгтэй" гэлээ.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс ХҮН-ыг оролцуулалгүй захирамж гаргасан гэв.
ХҮН-ын гишүүнчлэлтэй байсан гишүүд шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэсэн бөгөөд төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаанд шүүх оролцлоо гэж тус намаас үзэж буйгаа илэрхийллээ.
МАНАЙ НАМД БАЙСАН ХҮМҮҮС ХУУЛЬ БУС НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН
ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Өмнө нь гишүүн байсан, одоо гишүүн байхаа больсон цөөхөн хэдэн хүний хууль бус гомдлыг үндэслэн ийм шийдвэрийг гаргалаа. Бид намдаа онц байдал зарлаж байна. Захирамж дээр ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Үндэслэл тайлбарлаагүй. Зөвхөн захирамж гаргалаа л гэж хэлсэн. Тэгэхээр энэ хууль бус. Ардчилсан намын удирдлага ичих хэрэгтэй, нэрнээсээ ардчилсан гэдэг үгээ авч хаях хэрэгтэй. Хуурамч тамга тэмдгээр нэхэмжлэл гаргасан талаар бид хуулийн байгууллагад хандсан. Одоог хүртэл шийдээгүй. 24 цагийн дотор энэ асуудлыг шийдвэрлэж, нээлттэй шүүх хурал хийхгүй бол бид өлсгөлөн зарлана" гэв.