Намрын чуулганы нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг та бүхэнд хүргэе
-Бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна.
-Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээсээ дор орсон, хөгжлийн ялгаатай болсныг та бүхэн анзаарсан байх аа. Нэг улс, нэг үндэстэнд хөгжлийн ийм эрс тэс ялгаа байгаа нь улсын нэгдмэл бодого дутагдаад байгааг харуулж байна.
-Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ.
-Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
-Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна.
-Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтынхан нь дулаан, бохирын шугамгүй барилгыг зөвшөөрсөн нь харагдаж байна. Дэлхий даяар дэд бүтцээ барьсны дараа л барилга байшингаа барьдаг номтой байдаг. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж дур зоргоороо үрж болохгүй байх.
-Сумдад ажлын байр байхгүйгээс иргэд төв рүү шилжих явц зогсохгүй, улам эрчимжиж нутаг эзгүйрч байна.
-Жирийн иргэд халамж биш, ажлын байрыг л хүсэж байна.
-Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм.
-Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу?
-Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна.
-Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна.
-Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?
-Өрийг өрөөр дарчихаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа Та бүхний аясыг дагахгүй.
-Өнөөдрийг хүртэл явж ирсэн зам, хэрэглэж ирсэн арга барил, шийдэл, хийж ирсэн сонголт маань хамгийн зөв нь мөн үү гэдгийг улсаараа эргэцүүлж, эрс өөрчлөлт хийх цаг иржээ.
-Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү.
-Төсвийн зарлагыг танаж, алдагдалгүй төсөв батлаж чадсан бол 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408 тэрбум төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2.5 их наяд төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх үр дүн гарахаар байсан юм.
-Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ.
-Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.
-Нийт иргэд маань “нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй” гэдэг захиасыг захилаа.