АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар аймгийн Засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг, даалгавар өглөө.
Түргэвчилсэн оношлуур, эм, хамгаалах хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Баян-Өлгий аймгийн удирдлага хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулж ажиллахыг Шадар сайд анхааруулав.
Цаашид:
- Улсын онцгой комиссын даргын нэгдсэн удирдлагад ажиллах
- Мэдээллийг нэг урсгалаар олон нийтэд өгөх, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ эцэслэн тогтоож, Эрүүл мэндийн яам мэдээлсний дараа олон нийтэд нотлон мэдээлэх
- Отор нүүдлээр явж буй малчдаа байнгын мэдээллээр ханган, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай уялдаа холбоотой ажиллаж сум, орон нутгийн Засаг дарга нарыг хуулийн хүрээнд богино хугацаанд томилж ажилд нь оруулах
- Ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөхгүй байх
- Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын төлөв байдлын мэдээлэл авч, ард иргэд, малчдад хүргэн, цаг агаарын аюултай үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх
- Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хамгаалах, хувцас хэрэгслээр бүрэн хангах
- Хот хоорондын зорчих урсгалд хяналт тавих, хүнс, махны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ