Ж.Батбаясгалан: Иргэдийн татвараар цалинжиж байж ингэж ажиллахаасаа ичих хэрэгтэй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний өнөөдрийн ирц хангалтгүй байсанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан бухимдлаа.

Өнөө өглөө 08:00 цагт эхлэхээр товлосон  хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх юм.

Хуралд ирээгүй албан тушаалтнуудыг дурдвал, Авто замын газрын дарга, Аялал жуулчлалын газрын дарга, Авто замын газрын дарга, Боловсролын газрын дарга, Газрын албаны дарга, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Дотоод аудын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийгмийн халамжийн газрын дарга, Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Статистикийн газрын дарга, Соёл урлагийн газрын дарга, Татварын газрын дарга, Нийтийн тээврийн газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга, Замын цагдаагийн газар, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга, Зорчигч тээвэр-3, Хот төлөвлөлт судалгааны институцийн газрын дарга, Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга, ОСНАА газрын дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, Хотын шуурхай удирдлагын газрын дарга, Хот тохижилтын газрын дарга, Хөрөнгө оруулалты газрын дарга гээд олон удирдах албан тушаалтнууд ирээгүй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар өнөөдөр хэлэлцэх ёстой. Би ч бас ИТХ-д нэр дэвшиж байгаа. Амралтын өдрөөр тойрогтоо нэг л удаа очсон. Гэтэл төрийн албан хаагчид сонгуулийн үеэр зарлагдсан Нийслэлийн удирдлагын шуурхай хуралдаа суухгүй байна. Татварын хөрөнгөөр цалинжиж байж яаж ингэж ажиллаж чаддаг байна аа, ард түмнээсээ ичих хэрэгтэй. Тамгын дарга, ерөнхий менежер хоёр энэ хүмүүсийн бүх тушаал, шийдвэрийг авч ирнэ үү. Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан бүх хариуцлагыг тооц. Төр түшмэлээр дутдаггүй юм шүү" гэсэн юм.

 

Мөн тэрээр “Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нар ажилдаа ирдэггүй дарга нарт хариуцлага тооцож ажиллаа. Хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооц. Сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга болдог асуудал байж таарахгүй. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд холбогдох байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлаа энэ сарын 15 гэхэд дуусга.

Дулааны шугам сүлжээний компанийн удирдлагууд хуралд суумаар байна. Сайжруулсан түлшний хангалтын асуудал чухал. Нөөцөө боломжит бүх хувилбараар нэмэгдүүл. Нөөц, үйлдвэрлэл, борлуулалтын цэгийн нэмэгдэлтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Түүхий нүүрсний хяналтыг нэмэгдүүлж ажилла. Замын хөдөлгөөний түгжрэл ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, ажил эхлэх, тарах цагт зөв зохион байгуулалтыг хийх шаардлагатай байна. Явган зорчигч болон сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдалд холбогдох газрууд анхаарч ажилла. Үүнтэй холбоотой олон нийтэд уриалга гарга. Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай. Сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиулж ажиллах хэрэгтэй” хэмээлээ.

Мөн “Нийслэлийн өдрийн бэлтгэл ажлаа хангаж ажилла. Боловсролын газар сургуулийн автобусны ажлаа эрчимжүүл. Хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. Олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол бүх нийтийн ажил. Нийгэм дэх муу муухай зүйлийг таслан зогсооход бүгд анхаарч ажилла. Дор бүрнээ хариуцсан ажлаа эрчимжүүлж, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Ажлыг хийхэд хөрөнгө мөнгө дутаж болно, гол нь сэтгэл хандлага хэрэгтэй” гээд өгсөн үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудыг хариуцлагатай хийж гүйцэтгэхийг анхааруулсан юм.


Золбаяр Жаргалсайхан
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ