Төв банк бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6 хувь болголоо

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор гаргасан мэдэгдлийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онлайнаар хэвлэлийн хурал хийж танилцуулав.

Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар өнөөдөр (2020.11.23) бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6 хувь болгох, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох, зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан байна.

Энэхүү онлайн хэвлэлийн хуралд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин болон Төв банкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Монгол Улсад анхны хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш буюу 2020 оны нэгдүгээр сараас Монголбанк бүхий л журмаа зөөллөж, иргэд, ААН-д ирж байгаа дарамтыг зөөллөж ирсэн. Зээлийн эрсдэлийн сан байгуулах журмын зохицуулалтыг суллаж өгсөн. ААН-үүд, иргэдийн зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан.

Он гарснаас хойш 125 мянган харилцагч 5,3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах хүсэлтийг банкинд гаргасан. Банк хүсэлтийг авч үзээд 3,7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ зохицуулалт үргэлжилж байна. Анх энэ оныг дуустал гэсэн шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хурлаар ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Бизнест нь хүндрэл учирсан ААН, иргэд зээл төлбөрөө хойшлуулах арга хэмжээ авч болно.

Цар тахлыг хяналтдаа авсны дараа эргээд эдийн засаг сэргэнэ. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудал дуусахад өөр бусад салбарт дарамт үүсгэхгүйн тулд Монголбанк зохицуулалтыг зэрэг хийж байна. Банкуудыг хүндрэлд оруулахгүйн тулд зохицуулалт мөн хийж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ