Бүх төрлийн будаа, улаанбуудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөр хуралдахад, Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ.

Түүнчлэн Гаалийн албан татвараас челөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 12 гишүүний 9 нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ