Яаж би хадгаламжтай болох вэ?

Хадгаламж хуримтлалын тухай ярихаар хүн бүхэн Тиймээ. Хадгалах маш чухал шүү, даанч одоогоор надад хадгалах боломж алга гэж хэлдэг. Тэгвэл хадгаламж үүсгэх, удаан хугацаанд хуримтлуулж сурахад тань туслах дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  1. Таатай нөхцөл хэзээ ч бүрдэхгүй- Хүний хэрэгцээ хязгааргүй, харин орлого хязгаартай. Та энэ сар өмнөхөөсөө арай илүү орлого олсон ч адилхан хүрэлцэхгүй. Учир нь ямар нэгэн мөнгө нэмж зарцуулах зүйл заавал гарч ирсэн байх болно. Тиймээс яг одоо л эхэл.
  2. Битгий тооц- Хэрэв та авсан цалингаа тооцож, хуваарилалт хийх юм бол мэдээж хадгалах мөнгө үлдэхгүйг ойлгоно. Тиймээс эхлээд битгий тооц. Тооцохоосоо өмнө хадгал. Дараа нь үлдсэн мөнгөн дээрээ тооцоогоо хий. Энэ бол хамгийн үр дүнтэй бас найдвартай арга юм.
  3. Хадгалах зуршил суулга- Их бага нь хамаагүй, хадгалах зуршил л суулга. Зуршил гэдэг тогтмол, бас байнга давтагддаг үйл. Тэгвэл та хадгаламжийн маш олон төрлүүдээс өөрт тохирох аргыг ол. Орлого бүрээс 3% хадгаламжийн данс руу татагддаг байхаар тохируулж болно, эсвэл өдөр бүр тодорхой мөнгөн дүнгээр татуулах, сардаа нэг удаа цалин буусан үед хуримтлал руугаа шилжүүлэх гээд ямар ч хэлбэр байж болно. Зарим хүн бэлэн мөнгө хэрэглэж түүнээ мөнгөний гахайд, шил саванд гээд харагдахаар хадгалах дуртай байдаг. Харин ийм тохиолдолд сардаа, эсвэл улиралдаа цуглуулсан мөнгөө хугацаатай хадгаламж руугаа хийж мөнгийг эргэлтэд оруулж байгаарай.
  4. Банкны ухаалаг үйлчилгээг сонго- Орчин үед банкны үйлчилгээ ухаалаг болж бидэнд улам ойртож ирлээ. Утсаараа шилжүүлэг хийж, дансаа нээж, байр цахилгаан, утас гээд бүхий л төрлийн хэрэглээний төлбөрөө төлж нөат-ын баримтаа цахим хаягаараа хүлээж авдаг болжээ. Ийм үед банк явж, дугаарлаж зогсоно гэдэг утгагүй. Та дурын банкандаа хандаад маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс өөрт тохирохыг сонгоорой.
  5. Төлөвлөх- Амьдралаа 5 жил, 10 жил, магадгүй 30 жилээр нь төлөвлөж харах нь чухал. Та өөрийн ирээдүйд төлөвлөж, өөртөө мөнгө хадгалах нь чухал. Магадгүй хуримтлалаараа жилийн дараа шинэ хөргөгч авч болно. 10 жилийн дараа хүүхэд чинь дээд сургуульд орж мэднэ. 30 жилийн дараа тэтгэвэрт гарах болоход яаж амьдрах вэ? Үр хүүхдүүддээ дараа болохгүй амьдарч үлдсэн амьдралаа аялж зугаалж өнгөрөөх хүсэл байж мэднэ. Үүнд зориулж одооноос хадгалж эхэл.
  6. Хадгаламжаас ашиг бүү хар- Орлогоосоо 5%, 10% -ийг хадгалж хэвш. Аажим энэ хувиа нэмэх зорилт тавь. Шууд ихээр хадгалах тусам үлдсэн мөнгөөрөө амьдралаа залгуулахад тань хүндрэл үүсдэг. Бэрхшээлтэй тулгарахад таны хадгаламж эрсдэлд орно гэсэн үг. Тиймээс бодит дүгнэлт хийж, өөртөө тохирох дүнгээр хадгалаарай.
  7. Хэмнэлт бас сахилга бат- Эндээс хэмнэсэн мөнгөө тэнд зарцуулж болохгүй гэдгийг сайн тогтоо. Тэгвэл хэмнэлт биш зүгээр л зохицуулалт болж орхино. Хэмнэлтийг шууд хадгал. Хадгаламжиндаа ямар ч нөхцөлд, юу ч тулгарсан гар хүрэхгүй байх сахилга батыг өөртөө суулга. Хадгаламжийн зорилгоо эргэн санаж өөртөө үнэнч байгаарай. Танд амжилт хүсье

 



 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ