QR код уншуулж ААН, байгууллагад нэвтэрнэ

Өнөөдөр төрийн ордонд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын баг E-barimt системийн дэд бүтцэд тулгуурлан цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор QR тандан судлах цахим платформ танилцуулав. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд QR.119.mn цахим хуудсаар байгууллагынхаа кодыг бий болгож үүд хэсэгтээ байршуулна. Харин иргэн E-barimt аппликейшн ашиглаж тухайн байгууллагын үүдэнд байрлах QR кодыг уншуулснаар үйлчлүүлэх юм. Ингэснээр, иргэн COVID-19 халдварын эрсдэлд ороход хэдхэн секундийн дотор E-barimt аппликейшнд анхааруулга мэдээлэл ирнэ. Энэ нь COVID-19-ийн ойрын хавьтал дам хавьтлыг илрүүлэх мэргэжлийн байгууллагын ажил, цаг хугацааг хэдэн мянга дахин хөнгөвчилнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. Одоогоор Засгийн газар, УОК-оос үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 18 салбарын аж ахуйн нэгж, цаашдаа шат дараатай нээгдэх байгууллагууд QR кодоо үүсгэж үүдний хэсэгтээ байруулах юм. Уг цахим платформыг хөгжүүлэх ажлын багт Мэдээлэл технологи, харилцаа холбооны газар, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв зэрэг мэргэжлийн байгууллага багтжээ. 

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, "УОК-ын үүрэг чиглэлийн дагуу хувийн хэвшлүүдтэй хамтран олон улсын туршлагыг судалсан. Олон улсад QR, GPS, Bluetooth гэсэн технологийг ашиглаж иргэдээ тандан судалж байна. GPS нь тухайн иргэний хувийн мэдээллийг алдах эрсдэлтэй тул QR код нь илүү ач холбогдолтой гэж үзсэн. Тиймээс 1.7 сая хэрэглэгчтэй E-barimt аппликейшнийг нэмж хөгжүүлснээр уг платформыг нэвтрүүллээ. Аж ахуйн нэгжүүд QR кодоо үүсгээд угтах хэсэг буюу үүдэндээ байрлуулна. Иргэд тухайн байгууллагад нэвтрэхдээ QR кодыг нь гар утсаараа уншуулна. Хэрэв тэр байршилд COVID-19-ийн халдвар тээгч илэрвэл таны утсанд богино хугацаанд мэдэгдэл очих болно. Энэ нь иргэдийн мэдээллийн нууцыг хамгаалахын зэрэгцээ тандан судлах ажлыг давхар явуулна" хэмээв. 

Дэлхийн улс орнууд COVID-19 цар тахлын тандан судалгаа хийх аппликейшн хөгжүүлэхдээ хүмүүст хүргэх асуудал тулгамдаж байсан. Харин манай улсын хувьд E-barimt аппликейшнийг 1.7 сая хүн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын насанд хүрсэн 2.1 сая хүний 400 мянгад нь энэхүү аппликейшнийг хүргэж чадвал 100 хувь хэрэглэх боломжтой болох аж. Тиймээс гэр бүлийн гишүүд дундаа E-barimt ашиглах бус хүн бүр тусдаа шинээр нээх хэрэгтэй гэдгийг онцлов. Байгууллагууд QR.119.mn вебсайтаар орж мэдээллээ бүртгүүлснээр QR кодоо үүсгэх бол иргэн E-barimt аппликейшнийхээ нэвтрэх хэсэгт байрлах COVID-19 цэсийг буулгаад QR уншуулах товч дээр дарж уншуулах юм байна.  Ташрамд дурдахад, E-barimt аппликейшнд өдөрт дунджаар 500 мянган хүн нэвтэрч 1.2 сая баримт уншуулдаг гэсэн тооцоо бий. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: 119.mn сайтыг гуравдугаар сараас эхлэн ЭМЯ болон Интерактив хэмээх компани хамтран хөгжүүлсэн. QR.119.mn болон ebarimt дээр тулгуурлаж хийж байгаа бөгөөд хөгжүүлэлтэд нэг ч төгрөг гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ