Монголын амтат брэнд чацаргана жимс

  1. Чацаргана жимсний хүнс тэжээлийн ач холбогдол

Манай орны ургамал зүйн шинж чанараараа хоорондоо ялгагдах олон төрөл зүйл дотроос жимсэндээ хамгийн тостой, хүйтэн ган даах чадвараараа онцгой сайн жимс бол чацаргана жимс юм. Чацаргана нь эмчилгээ сувиллын ач холбогдлоороо бүх жимс, жимсгэнийн “хаан жимс” гэдэг. Чацарганад олон төрлийн эрдэс бодис байдгийг биохимийн судалгаагаар тогтоосон. Энэ нь чацарганаар хийсэн хүнсний бүтээгдэхүүний онцгой ач холбогдлыг баталж байгаа учир байгалийн гаралтай цэвэр хоол хүнс хэрэглэдэг импортлогч орнуудын сонирхлыг татсан бүтээгдэхүүн юм.

Үнэт бодисоор баялаг, хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой, эрт дээр үеэс хүнсэнд хэрэглэж байсан уламжлалтай энэ жимс нь зөвхөн хөлдүү байхдаа хэлбэр дүрсээ хадгалдаг, түргэн исдэг онцлогтой учраас хэрэглэгчдэд сайн чанартайгаар хүргэхийн тулд түүнийг зохистой технологиор боловсруулах шаардлагатай байдаг.

 2. Үйлдвэрлэл ба экспорт

Монгол оронд ургасан чацаргана амт чанараараа бусад улсынхыг бодвол ихээхэн давуу талтай. Учир нь манай орны газарзүйн байршил болон цаг уурын эрс тэс байдал нь байгалийн зэрлэг чацаргана ургахад нэн тохиромжтой газар болдог. Үүнээс гадна үнийн хувьд бусад орноос хамаагүй хямд, чанарын хувьд өндөр бүтээгдэхүүнийг бид нийлүүлж чаддаг учир дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гэж судлаачид үзэж байна. Чацаргана жимс нь сүүлийн 10 гаруй жил манай улсын экспортын нэн чухал бараа бүтээгдэхүүний нэг болоод байгаа бөгөөд дотоодын эдийн засгийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой салбар болоод багагүй хугацааг өнгөрөөж байна. Манай улсын хувьд 2000 оноос эхлэн чацаргана жимс нь экспортын чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон тул засгийн газрын хөтөлбөр батлагдаж тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж эхэлсэн юм. Тухайлбал “Эко Эрдэнэ” компани 2004 оноос Япон улсад чацаргана экспортолж эхэлсэн анхны хувийн хэвшлийн үйлдвэр болов. Чацарганы экспорт нэмэгдэж Монгол улсын эдийн засаг, гадаад харилцааны салбарт эерэг үзүүлэлтүүд харагдаж эхэлсэн байдаг. Иймээс 2010 онд Монгол улсын засгийн газар чацаргана жимсэнд ач холбогдол өгч тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэв. Үүний үр дүнд улсын хэмжээнд 6000 орчим га талбайд чацаргана тариалагдаж байгаа ба байгалийн чацаргана 13,5 мянган га талбайд ургаж байна гэсэн судалгаа байна.

 Монгол оронд ургасан зэрлэг чацарганы тухай 10 баримт

1. Чацарганад 190 гаруй төрлийн эрдэс бодис байдгийг биохимийн судалгаагаар тогтоосон юм

2. Чацаргана жимсэнд маш их хэмжээний C витамин агуулагддаг бөгөөд жүржтэй харьцуулахад 8 дахин илүү агуулагддаг

3. Чацарганы жимсний үр, навч нь биологийн олон төрлийн идэвхт бодисууд агуулагддаг болохыг тогтоожээ

4. Чацаргана нь цацраг идэвхт бодисоос хамгаалах өндөр үр нөлөөтэй хэмээн манай улсын эрдэмтэд үзэж байна

5. Монгол улсад чацарганаас цэвэр шүүс, тос гэсэн хоёр үндсэн бүтээгдэхүүнийг чацарганаас гаргаж авч байна. Чацарганы тос нь хоол боловсруулах болон амьсгалын замын, хөлдөлт, түлэнхий гээд олон төрлийн өвчнийг анагаахад ач тустай бүтээгдэхүүн юм

6. Монгол оронд ургасан чацаргана амт чанараараа бусад улсынхыг бодвол ихээхэн давуу талтай.

7. Германд хийсэн эрдэмтдийн судалгаагаар чацаргана жимс нь элэгтэй адил В12 витамин агуулдаг болохыг нотолжээ.

8. Чацарганы шүүс нь маш их хэмжээний органик хүчил агуулдаг бөгөөд рН нь 2,7 дөхдөг байна

9. Япон улсын эрдэмтэд манай улсын цэвэр шүүсийг хавдрын болон сахарын өвчтэй, мөн насны доройтолтой хүмүүст дэмжих эмчилгээ маягаар хэрэглэдэг байна

10. Чацаргана жимс нь сүүлийн 10 гаруй жил манай улсын экспортын нэн чухал бараа бүтээгдэхүүний нэг болоод байна

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ