ЭХЭМҮТ: ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ИРГЭДЭЭ БҮГДИЙГ НЬ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХААР БОЛЖЭЭ
Ковид-19 халдварын эсрэг эрүүл мэндийн салбарын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар ЭХЭМҮТ-ийн шинээр ашиглалтад орж буй ариутгалын тасгийн үйл явцтай танилцаж, орны нөөц болон эрчимт эмчилгээний тасгуудад ажиллалаа. Энэ үеэр тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр:
“Дэлхий дахинаа тархаад буй Коронавирусийн тохиолдол Монгол Улсад бүртгэгдээд сар орчим болж байна. ЭХЭМҮТ нь хүүхдийн 25 чиглэлээр, эх барихын есөн чиглэлээр цорын ганц тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг эмнэлэг. Зүрх судас, хүүхдийн бөөр, дотоод шүүрэл, мэс засал, нүд, чих хамар хоолойн өвчлөлийн үед хүүхдүүд манай эмнэлэгт л ханддаг. Тэгэхээр бид үндсэн тусламж үйлчилгээгээ энэ үед тасралтгүй явуулах ёстой.
Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд эмнэлгийн бусад тасгийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр хэрхэн зохион байгуулах тал дээр зөвлөгөө авлаа. ЭМЯ, ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу ирүүлсэн саналыг ажил үүрэгтээ тусгаад ажиллаж байна” гэв.