Оксфордын их сургууль вакцинаа Оросын Спутник V вакцинтай хамт туршихаар болжээ

Оксфордын их сургууль нь AstraZeneca компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныхаа сүүлчийн шатны туршилтыг гүйцэтгэж дуусаад байгаа билээ. Тэгвэл одоо тэд өөрийн вакциныг Оросын Спутник V вакцинтай хамт нэмж туршихаар болсон байна. Өөрөөр хэлбэл нэг ижил арга технологиор бүтээсэн хоёр вакциныг хольж туршвал дархлаа тогтоох чадвар нь нэмэгдэх магадлалтай гэж үзэж байгаа ажээ. Хамтарсан туршилтыг ОХУ-д зохион байгуулахдаа 18-аас дээш насны хүмүүсийг оролцуулахаар болсон байна. Яг хэдэн хүнийг хамруулах талаар мэдээлэл өгөөгүй байна. Оксфордын их сургууль вакциных нь сүүлчийн шатны туршилт дунджаар 70 хувийн үр дүнтэй болсныг зарлаад одоо Их Британийн засгийн газраас зөвшөөрөл өгөхийг хүлээж байгаа. Зөвшөөрөл хүлээх зуураа тэд вакциныхаа дархлаа тогтоох чадварыг нэмэгдүүлэх арга замыг судалж байна. Хоёр вакцин хоёул коронавирусийн генетикийн кодыг агуулсан аюулгүй вирусийг хүний биед нэвтрүүлж, дархлааны механизмыг ажиллуулах арга хэрэглэдэг. Гэхдээ энэ тохиолдолд эхний тунгийн дараа хүний биед үүссэн дархлаа нь хоёр дах тунгийн хүчийг сулруулах эрсдэлтэй байдаг. Тийм учраас Оксфордын вакцины сүүлчийн шатны туршилтад эхний тунг хагасаар, сүүлийн тунг бүтнээр тарихад хоёр удаа бүтэн тунгаар тарьснаас илүү сайн дархлаа тогтоосон нь харагдсан юм. Их Британи, Канад, Бахрейн, Саудын Арабт зөвшөөрөл аваад байгаа Pfizer/BioNTech компаниудын вакцин нь дээрх хоёр вакцинаас өөр, уламжлалт биш арга технологиор бүтээгдсэн юм байна.

эх сурвалж: ikon.mn


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ