Хүүхдээ агаарлуулангаа өөрийгөө хайрлаж сурсан миний түүх

Агаар гэдэг амин чухал зүйл шүү. Зөвхөн хүүхдэд ч биш. Ээжид ч хамгийн тустай эм. Өвөл зун ялгаагүй сайн агаарлах нь чухал. Би өглөө сэрээд хүүхдийн каш чанах усаа гал дээр тавиад угаалгын өрөө лүү ордог байлаа. Бүх аяга таваг бохирдож, гал тогоо дэлбэрсэн байсан ч кашны жижиг тогоо л ганцаараа цэвэрхэн байдаг. энэ нь миний амьдралдаа баримталдаг "Бүгдийг нь биш чухалыг" нь гэдэг дүрэм. Нүүр гар шүдээ угаагаад гарч ирэхэд ус буцалж байх бөгөөд кашаа чанангаа цэвэр усаа ууж багахан юм идээд амждаг юм. Болсон кашаа томхон амсартай шөлний тавганд хийж өөрөөр нь хөргөх явцдаа өөрийнхөө болон хүүхдийнхээ хувцасыг бэлтгэж, халуун аягандаа кофегоо ч найруулаад авна. Хүүхдээ хооллоод дулаан хувцаслаад шууд гарна даа. унтсан ороо ч хураагаагүй, хооллосон хэсэг тэр хэвээрээ, гэр орон дэлбэрчихсэн байсан ч хамаагүй, шууд гарна. Тэрэгний доор эвхдэг сандал, ном, савтай кофе, харин халаасанд гэрийн түлхүүр, утас, чихэвч. Утасны кэйсэнд банкны картаа хийдэг резинэн халаас. Энэ бол миний бүрэн зэвсэг. Ингээд гарсан байхад багадаа 2 цаг, ихдээ 4 цаг гадаа агаарлаж чадна шүү дээ. Хооллосон хүүхэд агаарт гараад сайн унтдаг. Чихэвчээ хийгээд дуртай дуу хөгжим, подкастаа сонсоод тэргээ түрээд алхах маш сайн. Ээжид фитнесс, жингээ хасах хамгийн үр дүнтэй арга. Алхаад ядарвал дуртай газраа сандалаа дэлгээд номоо уншаад суучихна. Бас заримдаа хотхоныхоо ээжүүдтэй найзалнаа. Тэднээс суралцах зүйл маш их. Хүн болгонд тэднээс суралцах ядаж нэг зүйл байж л байдаг нь хамгийн сайхан. Тэрэгтэй ээжүүд хамтдаа агаарлаж, бие биенээсээ суралцаж, нэгэндээ туслаад бүх стрессээ тайлдаг гэлтэй. Миний сайхан найзууд заримдаа яриандаа халаад хагацаж салах дургүй ээ. Танайд орохуу, манайд орох уу гээд л нэгнийдээ ороод хүүхдүүддээ нэг хоол хийж өгөөд, өөрсдөө ч хоол хийж идээд гэртээ шинээр авсан зүйлсээ танилцуулж, авч хэрэгжүүлсэн амжилттай туршлагаасаа ч хуваалцдаг. Ямар гоё гэж санана! Гэхдээ энийг хэтрүүлж бас болохгүй. Та 2 гарах гэж байна уу, бид 2 гарлаа гээд бичилцдэг байснаа нэг нь ажилтай, гадуур явж байна гэхэд залхуурах ч юмуу хэн нэгнээс хамааратай болох сул талтай байдаг. Мөн өөртөө зориулах цаг, хүүхэддээ тавих анхаарал, гэр бүлдээ зориулах бүтээлч ажилаа хийж амжихгүйд хүрнэ. 7 хоногийн 2 өдөр нь амралтын өдөр тул 100% гэр бүлийн цаг болно. Харин ажлын 5 өдөр 1-2 удаа л ээж найзуудтайгаа уулзах хязгаарыг өөртөө тогтоо. Яагаад гэвэл та хүүхдээ сайхан өгсөхийн хажуугаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлдээ анхаарч байх том зорилготой ээж хүн шүү дээ. Тиймээс хэнээс ч хамаарахгүй хүчирхэг нэгэн болох ёстой, өнөөдөр хийхээр төлөвлөсөн бүхнээ хийх л хэрэгтэй. Дэмий ярьж, бусдын тухай хов базаж суухад дэндүү хайран шүү энэ цаг хугацаа. Хүүхэд агаарлуулах ч гэсэн өөрийн гэсэн цаг хугацаатай зүйл. Бор хоолонд ороогүй дан хөхөөрөө байх үед олон цагаар агаарлаж болдог байсан бол тун удалгүй унтаад л байхаа болино, суугаад юм хардаг болно, сүүлдээ тэрэгээ орхиод хэдэн цаг төтлөлцөж гүйх үе ирнэ. Тиймээс цаг хугацаанд нь тааруулж өөрийн зэвсэгээ сонго. Үргэлж өөрийгөө хөгжүүлж, хөглөж, урам зориг дүүрэн байх хэрэгэй шүү бүсгүй минь. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ