52 долоо хоногийн хуримтлалд нэгдэх хялбархан аргууд

Монголчуудын 20 хувь нь хуримтлалтай гэсэн тоо байдаг. Энэ нь 4 хүн тутмын 3 нь ямар нэг хадгаламжгүй гэсэн үг юм. Хадгаламж, хуримтлал гэдэг бол таны амьдралын эрсдэлээс хамгаалах хамгаалалт, бороонд барих шүхэр юм. Хадгаламж эхлэх хамгийн таатай үе гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдрал амаргүй цаг үедээ байх тусмаа хадгалж эхлэх нь тун амархан гэвэл та итгэх үү? Дуслыг хураавал далай гэдэг дээ. Анхаарал хандуулсан бүхэн тэлдэг. Бага багаар эхэлсэн ч урт хугацааны тууштай байдал таньд амжилтыг атгуулах нь дамжиггүй. Та эхлэхэд бэлэн үү?

Нэг жилийн хугацаанд хялбархан мөнгөө хуримтлуулах арга зааж өгье. Энэ нь америкад ихээхэн дэлгэрээд байгаа 52 долоо хоногийн хадгаламж юм. Жилийн турш долоо хоног бүр /52 удаа / та хадгаламжиндаа орлого нэмэх хэрэгтэй. Ингэхдээ

  • Өгсөх байдлаар:  Эхний долоо хоногт 1000 төгрөг, 2 дахь долоо хоногт 2000 төгрөг гэх мэтээр өсгөж жилийн төгсгөлд 52000 төгрөг хуримтлалдаа хийнэ.
  • Уруудах байдлаар: эхний долоо хоногт 52000 төгрөг, дараагийн долоо хоногт 51000 төгрөг гэх мэтээр явсаар жилийн төгсгөлд 1000 төгрөг хийнэ.
  • Дундажлах байдлаар: Эхний болон сүүлийн 7 хоногийг ээлжлүүлэн хийх нь сард тогтмол дүнгээр хадгалах нөхцалийг таньд бүрдүүлж өгнө. Жишээ нь: Эхний долоо хоногт 52000, дараагийн 7 хоногт 1000 төгрөг, 3-р долоо хоногт 51000 төгрөг, 4-р долоо хоногт 2000 төгрөг гэж хийнэ гэсэн үг. Энэ нь сард 106 000 төгрөгийг тогтмол хуримтлалдаа хийж явах хэлбэр.
  • Цохох байдлаар: хэрвээ та тогтмол орлогогүй бол, орлого үргэлж хэлбэлзэж байдаг бол таньд энэ арга илүү тохирно. Дэвтэр дээрээ 52 хүртэл дугаарласан савыг зурж бэлтгэнэ. Ингээд долоо хоног бүр өөрийн боломжоор хадгаламжиндаа орлого хийнэ. Энэ долоо хоногт 10 000 төгрөгийг хуримтлалдаа хийгээд дэвтэр дээрх 10 гэсэн дугаартай савыг дүүргэж будна гэсэн үг. Ингэж өөрийн тухайн үеийн санхүүгийн боломжоороо хадгалах нь сонирхолтой, мөн илүү хялбар ч байж мэднэ.

Дээрх аргуудаас өөрт тохирсон нэгийг сонгоорой. Алийг нь ч сонгосон бай хамаагүй нэг жилийн дараа таны хадгаламжид 52 долоо хоногийн турш хийсэн орлого тань 1 378 000 төгрөг болсон байх болно. Мэдээж дурын банкаа сонгож хугацаатай хадгаламжийн үйлчилгээнд хамрагдсанаар хуримтлалдаа хүү бодуулж чадна. Хадгаламж хуримтлал эхлэхэд заавал жилийн эхэн үе, сарын эхэн байх шаардлагагүй. Хамгийн тохиромжтой үе бол зөвхөн одоо үе гэдгийг санаарай.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна