Монголын жүдочид олимпын эрхийн төлөө барилдахаар Доха хотыг зорино
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны тэмцээн болох Катар улсын Доха хотноо дэлхийн шилдэг жүдочид хүч, ур чадвараа сорино. “World Masters - Doha 2021” цуврал тэмцээн нэгдүгээр сарын 11-13 нд болох юм. Олимпын оноо олгох тус тэмцээнд 5 тивийн 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөнө. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг жүдочид оролцох энэ удаагийн тэмцээн цар тахлын тархалтын улмаас олимпын оноо олгох сүүлчийн тэмцээн байх магадлал их байгаа юм.
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэй жүдочдоос 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин /МУГТ/ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, МУГТ Г.Одбаяр, 81 кг-д С.Моллай, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр хүчээ сорино. Харин эмэгтэй тамирчдаас 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч нар барилдана.
Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна. Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ.
Олимпын оноо олгох Доха Мастерс тэмцээнд Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулахад зөвшөөрөл олгож, сэтгэл гарган тусалсан Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо, Хүннү Эйр компани, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд хамт олонд талархал илэрхийлж, амжилтаар хариу барихыг хичээх болно гэж МЖБХ-ноос мэдээллээ.
PCR шинжилгээнд хамрагдаад байгаа жүдочдыг Улаанбаатараас "Хүннү Эйр" авиа компани Доха хотод нэгдүгээр сарын 8-ны өдөр хүргэх юм байна.