Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүнд коронавирус илэрчээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 14 225 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчаас халдвар илэрлээ. Бусад нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой гэр бүлийн голомтын хавьтал бөгөөд “Мөнххада”, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлээс дамжсан халдвар илэрсэн. Мөн Ачтан эмнэлгийн ажилчид болон гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ. Түүнээс гадна Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нэг орцны 6 хүн өвчилсөн. БГД-ийн 6 дугаар хорооны 65 дугаар байр, 43А байр, 57 дугаар байр гээд өвчлөл гэр бүлийн голомттой холбоотой халдвар гарч байна. Тиймээс БГД-т үүссэн голомттой холбоотой 5,6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг өчигдөр оройноос эхэлсэн” гэв.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 897 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1395 болжээ. Үүнээс 896 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 488 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 12 нь хүнд, 150 нь хүндэвтэр, 323 хүн хөнгөн оноштой байна