PCR-ийн шинжилгээ авах цэгүүд амралтын өдрүүдэд ажиллахгүй
Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүйг Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдлээ. Учир нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 08-10-нд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах юм. Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээ хийж байна. Үүнд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч ажиллаж байна. Коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулна. Дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм. Ирэх даваа гараг буюу энэ сарын 11-нээс шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.