Хүүхдийнхээ дархлааг дэмжих 3 чухал дадал
Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг чухалчилдаг байна.
Хүүхдээ тогтмол цагт унтуулж хэвшээрэй: Үдшийн 22 цагаас шөнийн 02 цаг хүртэл хүний биеийн дархлааны эсүүдийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлдэг. Энэ үед хүн амарч бат бөх нойр авснаар дархлааны эсээ идэвхжүүлнэ. Өөрөөр хэлбэл үдшийн 21-22 цаг гэхэд таны хүүхэд хэдийн унтчихсан байх ёстой. Ингэж байж хүүхэд хангалттай нойроо авч, дархлааны эсээ сэргээж чаддаг. Хэрвээ энэ цагт амарч чадаагүй бол үд хүртэл унтсан байлаа ч 22-02 цагт авах ёстой нойрыг хангалттай нөхөж чаддаггүй. Мөн хүүхдийн унтах өрөө сэрүүхэн байвал хүүхэд гүн нойрсож чадна.
Хүүхдээ өдөрт 3 удаа хооллоорой:
Өдөрт гурван удаа хооллох ёстой бөгөөд өглөөний хоол, цай хамгийн чухал нь. Манайхан хүүхэддээ хоол, цайг нь өгөлгүйгээр шууд хичээл сургуульд нь хоосон явуулдаг. Өглөө хоол цайгаа идэж уугаагүйгээс цөсний ялгаралт муудаж, чулуу үүсэх нөхцөл бүрддэг. Тиймээс хүүхдийнхээ өглөөний цайнд гурил болон гурилан бүтээгдэхүүн хэрэглүүлж хэвшээрэй. Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Уургийг махнаас гадна шош, вандуй, дүпү, өндөгнөөс авч болно. Мөн А витамин хангалттай авч чаддаг хүүхэд ханиад хүрэх нь ч бага байдаг.
Хүүхэд өдөрт 30 минутаас 1 цаг идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй:Хүүхэд өдөржин л тоглодог, хөдөлдөг шүү дээ гэж асууж магадгүй. Гэхдээ хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөн нь идэвхтэй хөдөлгөөнд тооцогддоггүй байна. Тиймээс спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ хөдөлгөөнд анхаарч дархлааг нь сайжруулах боломжтой. Хөдөлгөөн тогтмол хийдэг хүүхэд ханиад томуу хүрэх нь бага байдаг.
Мөн бага насны хүүхэд ч бас бухимдаж байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэж байх хэрэгтэй. Хүүхдээ удаан хугацаагаар орхиж явах, сэтгэл дундуур байлгах, бухимдуулах, таагүй нөхцөлд байлгах зэрэг нь биеийн дархлаа муудахад нөлөөлдөг байна.