ДӨРВӨН НАСТНУУД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Хөл хорионы өдрүүд үргэлжилж, хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, тэднийг ойлгох цаг бидэнд гарч байна. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой ч нас насны онцлогт илэрдэг нийтлэг зан араншин цөөнгүй. Хэрвээ танд 4 настай хүү эсвэл охин байгаа бол тэдний насны онцлогт тохируулан харилцаж, хүүхдийнхээ хөгжлийг дэмжээрээ.

Хорвоотой танилцаж, юмсыг өөрсдийнхөөрөө ойлгож, хүлээж авч байгаа 4 настнууд их л дэггүй болж, үг сонсохгүй, сахилгагүйтнэ. Гэхдээ тэд хэрэг тарингаа хөгжиж, хөдөлгөөний идэвхээ сайжруулж байгаа гэдгийг эцэг эхчүүд ойлгох ёстой.

  • Хамтарч тоглох, найзуудтай болохыг их хүсэх мөртлөө бүх зүйлд л "би би, би өөрөө" гэж өөрийн зоргоор аашилна.
  • Гэр дотроо болон танил орчиндоо пээдгэр, хөдөлгөөнтэй, дуу чангатай байх ч олон нийтийн, танил бус орчинд бүрэг ичимтгий, дуугүй бас аймхай болдог.
  • Бүдүүлэг гэгдэх үгсийг илүү тод цээжилнэ. Тиймээс боль, бүү хэл гэж зэмлэхээс илүүтэй ийм үг сонссон хүн ямар их гомддог тухай жишээгээр тайлбарлан ойлгуулаарай.
  • Ярих хүсэл нь хязгааргүй болохоос гадна асуух асуулт нь өдрөөс өдөрт ихсэж үгийн сан нь баяжиж байдаг. Өчүүхэн л шалтаг гарвал ярьсаар байна. Тоглох үедээ ч тоглоомтойгоо, заримдаа ганцаараа ч ярина. Тиймээс асуултуудад нь цааргалахгүй хариулж, чиний бодлоор ямар байх бол? Чамтайгаа ярилцахад үргэлж хөгжилтэй байдаг шүү гэх зэргээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварыг нь дэмжээрэй.
  • Ургуулан бодож, зохиомжлон сэтгэх чадвар нь сайжирна. Үүнийг худал ярихтай эндүүрч болохгүй. Хэт хөөргөхгүй, яриаг нь дэмжин сонсоорой.
  • Нэг уншсан номоо дахин дахин уншуулах хүсэлтэй байдаг. Тиймээс залхалгүй зэмлэлгүй өөрийнх нь тааваар дахин уншиж өгөөрэй. Хэд ч уншуулсан тархи нь ургуулан сэтгэх чадвараараа өдөр бүр өөр өөрөөр ойлгож хүлээн авах ч боломжтой.
  • Мөн эсрэг хүйсийн найз охин, хөвгүүнтэй болж тэднийгээ илэх, үнсэх, тэдэндээ чихэр, бэлэг өгөх сонирхолтой болдог. Түүнийгээ аав ээждээ байнга ярина. Үүнийг нь хэт өхөөрдөн эрхлүүлж, хэт хориглон эсэргүүцэж болохгүй.
  • Өдөр тутмын ярианд нь чи хий, үгүй, надад өг гэх зэрэг захиран тушаах үгсүүд зонхилох ба хааяа л гуйх, хүсэх, төлвийн үгс байдаг. Тэгэхдээ харин ХАЙРТАЙ-г бол хамгийн их хэлж илэрхийлнэ.
  • Томчуудаас “Би хаанаас гарсан бэ?” “Чиний хайр чинь хэн бэ” гэх мэт асуултууд асууж эхэлнэ. Энэ үед "Аав ээжийнхээ хайран дундаас гарсаан" гэх мэтээр аль болох насанд нь тохируулж үнэн бодитоор хариулаарай.
  • Маш гярхай болох ба үзсэн харсан зүйлээ яг л даган дуурайж түүнийгээ тоглоомоороо дамжуулан илэрхийлнэ. Энэ үед сонгсол, хараа, амтлах мэдрэмжийн ойг хөгжүүлэх дасгалууд түлхүү хэрэглээрэй.
  • Хүүхдийн үзэх хүүхэлдэйн кино, номын агуулгыг сайн анхаарч, гүйж харайх, хөөцөлдөх, ноцолдох тоглоомыг тогтмол тоглоорой.
  • Хог шүүрдэх, шал арчих хамгийн дуртай ажил нь. Тиймээс үүнийг нь дэмжин насанд нь тохирсон ажил хийлгэж байгаарай.
  • Хувцасаа өмсөнө, өмсөхгүй гэж их голж шилнэ. Энэ үед 2 сонголт өгч өөрөөр нь сонгуулж байгаарай.
  • Тоо тоолж, олон өнгөөр ялган зурж чадна. Дийлэнх зурах дуртай сэдэв нь гэр бүл нь байдаг. Зургуудаар нь альбом бэлтгэх, үзэсгэлэн гаргах зэргээр урамшуулаарай.

                                                                                                                                                                                               Эх сурвалж: Хөөрхөн шувуу сургалт судалгааны төв


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна