Короновирусын мутацид орсон гурван төрөл бүртгэгдээд байна
Дэлхий дахинаа одоогоор гурван төрлийн мутацид орсон шинэ вирус бүртгэгдээд буйг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
1. В117 вирусийг 2020 оны 12 дугаар сарын 14-нд Их Британи улсад бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 40 орчим улсад бүртгэгдээд байна. Энэхүү вирус нь SARS-CoV-2 вирусээс халдварлуулах чадвар өндөртэй, дундаас хүнд зэргийн өвчлөл үүсгэж, бага насны хүүхэд залуучууд зонхилон өвдөж байна. Суулгах, гүйлгэх шинж тэмдэг давамгайлан илэрч байна. Агаар дусал, амьсгал, ахуй хавьтлын замаар халдварлаж байгаа бөгөөд сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй
2. D614G вирусний хувилбар Дани улсаас гаралтай, 2020 оны 1,2 дугаар сараас эхэлсэн бөгөөд 6 дугаар сараас дэлхий даяар тархаж эхэлсэн. SARS-CoV-2 вирусээс халдварлуулах чадвар өндөртэй гэж судлаачид үзэж байна.
3. 501.V2 вирус Өмнөд Африкаас тархаж эхэлснийг ДЭМБ-д 2020 оны 12 дугаар сард мэдээлсэн байна. Цаашдаа амьтанд халдварлуулах магадлалтай гэж судлаачид үзжээ. Тархах чадвар өндөр бөгөөд одоогоор дөрвөн улсад тархсан байна.
ДЭМБ-аас сүүлийн гурван сарын хугацаанд эдгээр вирусний мутаци харьцангуй өндөр байна хэмээн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр, вирус мутацид дахин орох боломжтой, амьтан өвчлөх эрсдэлтэй учир цаашид вирусний судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Ингэхдээ вирусний удам зүйн шинжилгээ хийх, халдварын хяналт сайжруулах, амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэй хэмээн зөвлөжээ.