2021 оны эхний хагаст 240 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгох боломжтой
Өнөөдрийн байдлаар борлуулагдаагүй 30 гаруй мянган орон сууц байна. Харин ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо үнээс хоёр дахин их буюу 70 мянга давжээ. Монголбанк 2020 оны нэгдүгээр сараас ипотекийн зээлийн санхүүжүүлтээ зогсоогоод байсан юм. Гэвч цар тахалтай холбоотой тодорхойгүй нөхцөл үүссэн тул УИХ-аар баталсан “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ” нэг удаагийн хуулиар ипотекийн зээлийг 2020 оны 5 дугаар сараас Монголбанкаар үргэлжүүлэн олгохоор шийдвэрлэсэн билээ.
Зургаан хувийн зээлийг цаашид хэдий хугацаанд олгох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Монголбанк хуулийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ иргэдийн зээлийн эргэн төлөлтийг эх үүсвэрээ болгох бөгөөд арилжааны банкуудтай 1:1 хэмжээтэй санхүүжилт гаргана. Монголбанкинд сардаа 20-25 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлт хийгддэг ч өнгөрсөн оны эцсийн байдлаар 44 мянган иргэн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан нь нийт зээлийн үлдэгдлийн 66 хувьтай тэнцжээ. Иймд санхүүжилтийн эх үүсвэр хомс байгаа ч энэ оны эхний хагаст Монголбанк, арилжааны банкууд хамтран 240 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэйгээр олгох боломжтой байна. Харин цаашид ипотекийн зээлийн тогтолцоог хэвийн хадгалахын тулд Үндэсний ипотекийн корпораци байгуулахаар судлаж байгаа бөгөөд хөтөлбөрийг Сангийн яам руу шилжүүлэхээр болсон байна.