Гавьяат тамирчин М.Уранцэцэг "Доха-Мастерс 2021" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Катар улсын Доха хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Доха-Мастерс 2021” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр өөрийн жингийн тэргүүлэгч бөх Украины жүдоч, дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдан, гарт өчих мэхээр цэвэр яллаа. Тэд хоорондоо 4 барилдаж, тус бүр 2 ялаад байсан бол М.Уранцэцэг ийнхүү нэг ялалтаар илүү боллоо. Тэрбээр Мастерс тэмцээнээс нэг алт, 2 хүрэл медальтай болж байна.
Энэ өдөр барилдсан Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн V байр, Ё.Басхүү VII байрт шалгарсан амжилт үзүүлэв.
“Доха-Мастерс 2021” тэмцээний эхний өдрийн байдлаар БНСУ-ын баг тамирчид 2 алтан медальтай тэргүүлж байгаа бол Япон 1 алт, 2 мөнгө, Франц алт, мөнгө, хүрэл тус бүр нэг, Косово 1 алт, 2 хүрэл медальтай удаалж байна.