Улаанбаатарт коронавирусийн 14 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 11-нд нийтдээ 15849 хүнд PCR шинжилгээ хийснээс коронавируст халдварын 14 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн эдгээр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан хүмүүсийн анхны болон давтан шинжилгээгээр илэрчээ. БЗД-ийн 17 дугаар хорооны гэр бүлийн хавьтал, БЗД-ийн 6-р хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнд тус тус коронавирус илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо 630 болж байна. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын 1456 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 536 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 13 нь хүнд, 95 нь хүндэвтэр, 427 нь хөнгөн байгаа аж.