Нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан байна.

Мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Баруунтуруун, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Архангайн Төвшрүүлэх, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэр, Ерөө /Бугант/, Төвийн Баян-Өнжүүл, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Дарьгангад  10.1-20.0 см, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 5.1-10.0 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай байна.

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна