Өнөөдөр Википедиа нэвтэрхий толь үүссэн өдөр

2001 оны 1-р сарын 15-ны өдөр Жимми Уэльс, Ларри Сангер /Jimmy Wales, Larry Sanger/ нар шинэхэн бий болгосон Википедиа нэртэй хүмүүс өөрсдөө мэдээллээ оруулах боломжтой, нээлттэй нэвтэрхий толио интернэтэд анх нээж байжээ.

Эхлээд энэхүү толь нь зөвхөн Англи хэл дээрх мэдээллийг агуулсан нэвтэрхий толь байсан бол тун удалгүй бусад хэл дээрх мэдээллүүдийг ч оруулж болдог болжээ. Одоогоор 6,2 сая орчим мэдээлэл бүхий Англи хэл дээрхи толь нь бусад 300 гаруй хэлнүүдээс хамгийн их мэдээлэлтэй нь юм. Нийтдээ энэ нэвтэрхий тольд 55 сая гаруй багц мэдээлэл байгаа бөгөөд сард 1,7 тэрбум идэвхитэй хандалт авдаг байна.

2021 оны 01 сарын байдлаар Alexa-ын чансаагаар хамгийн их хүмүүс зочилдог 15 вэбийн нэг бөгөөд The Economics сэтгүүлийн онцолсноор дэлхий дээрх 13 дахь хамгийн их хандалттай вэб сайт юм. Зар сурталчилгаа байрлуулдаггүй тул Америкийн ашгийн бус байгууллага болох Wikimedia сан голчлон хандиваар санхүүжүүлдэг.

2006 онд Time сэтгүүлээс “нээлттэй байдлыг хүлээн зөвшөөрч хэн ч засварлах, мэдээлэл нэмэх боломж олгосноор Википедиа нь хамгийн том, магадгүй хамгийн сайн толь бичиг болсон” гэж мэдэгдсэн.

Өвөрмөц бүтэц, мэдээллийн сан боловсруулах боломж, арилжааны чиглэл баримтлахгүй байгаа зарчим дээрээ үндэслэн чанар, найдвартай байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргасны үр дүнд уг сайтын нэр хүнд 2010 он гэхэд улам нэмэгдэв.

2018 онд Фэйсбүүк болон YouTube сайтуудын зүгээс хуурамч мэдээг илрүүлэхд нь туслахын тулд хэрэглэгчиддээ Википедиагийн холбоотой линкүүдийг санал болгож байхаа зарласан.  

2004 он гэхэд 161 хэл дээр мэдээлэл оруулах боломжтой болсон Википедиагийн Англи хэлний сан нь 2007 оны 09-р сарын 09-нд 2 сая мэдээллийг багтааснаар бараг 600 жил хамгийн их мэдээлэлтэй хэмээх дээд амжилтыг эзэмшиж байсан Мин гүрний 1408 онд гаргасан Ёнглэ / Yongle/ нэвтэрхий толийг гүйцэж дэлхийн хамгийн том мэдээллийн сан болов.

Өнөөдөр тус талбарт аль хэлээр бичсэн мэдээлэл их байгааг жагсаахад 1-рт Англи, 2-рт Филиппинд ашиглагддаг Cebuano, 3-рт Швед, 4-рт Герман, 5-рт Франц, 6-рт Голланд, 7-рт Орос байх юм. Харин Хятад хэл дээрх мэдээлэл 15-д жагсаж байна.

Өнөөдөр Монголчууд ч өөрсдийн мэдээллийн санг энэхүү үнэгүй талбарыг ашиглан бүтээж эхлэсэн бөгөөд хувийн хэвшил, хувь хүмүүсээс гадна зарим төрийн байгууллага, шинжлэх ухааны академи, бусад судалгаа, орчуулгын чиглэлийн байгууллагууд ч идэвхийлэн оролцвол зүйтэй санагддаг.

Эх сурвалж: Хашир Анжгай ингэж өгүүлэв блог


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна