Хувьцааны тухай би юу мэдэх вэ?

Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

Хөрөнгө оруулагч өөрийн эзэмшлийн хувьцааг арилжих олон шалтгаан байдаг. Жишээлбэл, тухайн хөрөнгө оруулагч хувьцааны авсан үнэ болон зарах ханшийн зөрүүнээс ашиг олох буюу хөрөнгийн өсөлтийн ашиг олох зорилготой байж болно. Зарим хөрөнгө оруулагчид хувьцааны орлогын өгөөж буюу хөрөнгө оруулсан хувьцааны ногдол ашгийн өгөөж хүртэхийг зорьж байдаг. Мөн хөрөнгө оруулагчид маржин арилжаа буюу хувьцаагаа өндөр үнээр зарж, бага үнээр буцааж авах байдлаар ашиг олохыг зорьдог байхад зарим нь хувьцаа эзэмшсэнээр хүртдэг дэлгүүрийн купон зэрэг элдэв дагалдах урамшуулал, бэлэг хүлээн авах сонирхлоор хувьцааны арилжаанд оролцдог байна.

Хувьцаа нь гол төлөв хөрвөх чадвартай буюу тухайн хувьцааг эргүүлээд зах зээлд худалдахад хялбар байдаг. Хөрөнгө оруулагчид хувьцааны арилжааг хялбар хэрэгжүүлэх зорилгоор зах зээлээс харилцагч талууд болох худалдагч эсхүл худалдан авагч нарыг хайж байдаг бөгөөд нөгөө талд, компаниуд хувьцаа гарган урт хугацааны хөрөнгөө өсгөхийг зорьдог. Тиймээс хувьцааны арилжаа явагддаг зах зээл буюу “хоёрдогч зах зээл” нь хөрөнгө оруулагчийн хувьд ч, хувьцаа гаргаж буй компанийн хувьд ч эдгээр хэрэгцээг нь хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хоёрдогч зах зээл нь хувьцааг зах зээл дээр шударга үнээр эргэлдэх боломжийг олгохоос гадна хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг төрүүлдэг бол компаниудын хувьд нэмж хөрөнгө оруулалт татах тааламжтай нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.

ХУВЬЦААНЫ ТӨРЛҮҮД

Үнэт цаас гаргагч компани үндсэн хоёр төрлийн хувьцааг санал болгодог: (1) энгийн хувьцаа /common stock/ болон (2) давуу эрхийн хувьцаа /preferred stock/ юм.

Энгийн хувьцаа эзэмшигч ихэнхдээ тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох болон ногдол ашиг авах эрхтэй байдаг.

Харин давуу эрхийн хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй боловч тогтмол хэмжээний ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжинд авах эрхтэй байдаг.

Компани Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тус хугацаанд хуримтлагдсан ашгаас ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд хуримтлагдсан ашгаа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд ашиглаж, ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг гаргаж болдог.

Харин давуу эрхийн хувьцааны хувьд компани алдагдалтай ажиллаж байсан ч ногдол ашгийг хуваарилах ёстой байдаг. Бүх компани энгийн хувьцаа гаргах үүргийг хуулиар хүлээдэг ба харин давуу эрхийн хувьцааг өөрийн сонголтоор гаргадаг байна.

Хувьцаа эзэмшигчийн эрхүүд

Хувьцаа нь хэд, хэдэн эрхийг агуулж байдаг бөгөөд хамгийн түгээмэл хэвшсэн эрхүүд нь дараах байдалтай байдаг:

1.Санал өгөх эрх

Ихэвчлэн хувьцаа эзэмшигч бүр саналын эрхтэй байдаг. Хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож компанийн ТУЗ-д хэн сонгогдох (эсхүл хасагдах), нягтлан бодох бүртгэлийн зөвлөх, компанийн аудитороор хэнийг сонгох болон компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, менежментийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт хийх, үнэт цаас гаргах эсэх гэх мэт компанийн бодлоготой холбоотой чухал шийдвэрүүдэд санал өгөх эрхтэй.

2.Хуримтлагдсан ашгаас ногдол ашиг хүртэх, төлөхийг шаардах эрх

Төлбөр эсвэл ногдол ашиг авах нь зөвхөн тодорхой нэг хувьцаа эзэмшигчид ашигтай байдаг тул уг эрхийг “хувийн эрх” гэж нэрлэх нь бий. Хувьцаа эзэмшигчид ТУЗ-өөс тогтоосон ногдол ашиг олгохыг шаардах эрхтэй.

3.Компани татан буугдах үед үлдэгдэл хөрөнгө хүртэх эрх

Хэрэв компанийг татан буулгах шийдвэр гарсан бол компанийн хөрөнгөнөөс хамгийн түрүүнд бонд эзэмшигчдийн өр төлбөрийг, дараа нь давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд, хамгийн сүүлд энгийн хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хуваарилдаг.

4.Тэргүүн ээлжинд хувьцааны арилжаанд оролцох эрх

Компани нэмж хувьцаа гаргахаар шийдсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчид тухайн үеийн эзэмшлийн хувиа хэвээр байлгахын тулд нэмэлт хувьцаанаас нийтэд санал болгохоос өмнө худалдан авах эрхтэй байдаг. Хувьцаа эзэмшигч нь эзэмшлийн нэг ширхэг хувьцаа тутамд нэг эрхтэй болдог. Тэргүүн ээлжинд худалдан авах захиалгад шинээр гарч буй нэг ширхэг хувьцааг эзэмшихэд хэчнээн эрх шаардагдах, худалдан авах үнэ, эрхийн хүчинтэй хугацаа болон нэмэлтээр шинэ хувьцааг зах зээлд санал болгох өдөр зэргийг тодорхой дурдсан байдаг.

5.Компаниас хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх

Хувьцааг нь эзэмшиж байгаа компани дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж эсхүл шинэчлэн найруулж тэр нь таны эрх ашгийг хөндсөн эсхүл санал хураалтад нь оролцоогүй бол хувьцаа эзэмшигч хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхтэй. Компани хувьцаагаа эрхгүүлэн худалдан авахдаа тухайн үеийн зах зээлийн үнийг баримтална.

6.Мэдээлэл авах эрх

Хувьцаа эзэмшигч нь дараах мэдээллийг компаниас авч танилцах эрхтэй юм.

Хувьцаа эзэмшигч нь хувьцааг нь эзэмшиж байгаа компанийнхаа жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцах, энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн бусад энгийн хувьцаа эзэмшигчдийн нэр, оршин суугаа хаяг, эзэмшлийн хувьцааны тоо зэрэг мэдээллүүдтэй танилцах эрхтэй байдаг.

ХУВЬЦААНЫ ЭРСДЭЛ 

Хувьцаанд хөрөнгө оруулах нь банканд мөнгө хадгалуулах эсхүл бонд худалдаж авахаас илүү ашигтай боловч тэр хэрээрээ эрсдэл өндөртэй.

Аливаа компанийн хувьцааны ханш үргэлж тогтмол байдаггүй бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлээс болж хэлбэлзэж байдаг. Өндөр үнэтэй худалдаж авсан хувьцаа ханшийн уналтад орох эсхүл хувьцааг нь худалдан авсан компани дампуурах тохиолдол байдаг.

Танд гэнэт мөнгө хэрэг болоод хувьцаагаа зарах хэрэгцээ гарсан үед хувьцааны ханш буурах магадлалтай.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна