2023 оноос банкууд олон нийтэд нээлттэй ХК болж системээрээ өөрчлөгдөнө

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 12 банк үйл ажиллагагаа явуулж байгаа тоо байна. Монопол болсон банкны тогтолцоог өөрчилж арилжааны банкуудыг нэг хүний эзэмшилд биш хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж эхэллээ. Ингэснээр арилжааны банкуудтай харилцдаг иргэдийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалж банкууд зах зээлийн зарчмаар хөгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Банкны тухай хуульд оруулахаар хэлэлцэж байгаа нэмэлт өөрчлөлт нь уг хуулийн 15 хувьд нь болох 101 заалтаар өөрчлөлт оруулах болжээ. 

Нэг том өөрчлөлт нь банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн төвлөрлийг бууруулах, хөрөнгийн зах зээлийг  дэмжих зорилгоор тухайн банкинд оруулах нийт хөрөнгийн хэмжээний дээд хязгаарыг 20 хувиар тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Одоогоор банкны салбарт нийт 35 орчим их наяд төгрөгийн хадгаламж байна. Энэ хадгаламжийн 90 хувь нь банкны эздийн буюу хувьцаа эзэмшигч банкны хөрөнгө оруулагчдын хөрөнгө байдаг  бол бусад 10 хувь нь хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө эргэлддэг. Тэгвэл хөрөнгийн  зах зээлд 2.5 их наяд орчим төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна. Тэгэхээр банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулахгүйгээр банкны засаглал сайжрахгүй. Ийм байдлаар үргэлжилбэл, нийгэм дэх баян хоосны ялгаа арилахгүй. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой, орлого нь нууц цөөн хэдэн гэр бүл банкны хадгаламж эзэмшиж хадгаламжийн хүүг тогтоодог. Хадгаламжийн хүү өндрөөс болж зээлийн хүү өндөр тогтдог. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр эдийн засаг өсч, иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж чадахгүй байна.

Уг хуулийн хэрэгжих хугацаа нь тусгай зөвшилцөлөөр байгуулсан банкны тухайд  бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарсан байх ёстой. Банк өөрөө 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нийтэд нээлттэй компани болох шаардлага хуулиар бий болох юм байна. Энэ нь бусад дагалдах хуулиараа зохицуулагдана гэж Төвбанкны Хууль эрхзүйн газрын захирал Д.Аюуш сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр хэллээ.

Ингэснээр 2023 он гэхэд банкууд олон нийтэд нээлттэй ХК болж системээрээ өөрчлөгдөнө.

Түүнчлэн системийн  нөлөө бүхий банкны алдагдлыг  зөвхөн активын хэмжээгээр  биш бусад үзүүлэлтээр нөлөө бүхий банк гэж үзэх тухай хуульд өөрчлөлт орж байгааг тодотгож байв. Өөрөөр хэлбэл, Банкны салбарын тогтвортой байдлын хуулиар активын таван хувиас дээш хөрөнгөтэй бол сисмемийн нөлөө бүхий банк гэж үздэг. Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр зөвхөн актив хөрөнгөөр хэмжихгүйгээр өөрийн хөрөнгө, төлбөр гүйцэтгэх хамрах хүрээ, гадаад төлбөр тооцооны хүрээ, салбар нэгж гэх мэт 4-5 үзүүлэлтээр системийн нөлөө бүхий банк гэж үзнэ хэмээн  хуульд тодорхойлжээ.

Энэхүү бүтцийн өөрчлөлт  зөвхөн системийн банкинд хамаарах аж. Хуулийн энэ зохицуулалтаар  системийн нөлөө бүхий банкуудад  давуу байдал үүсэхээс илүүтэй төрийн зохицуулалт бүхий албадлагын шинжтэй арга хэмжээ авагдана гэдгээрээ системийн  бус банкуудаас ялгарах юм байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна