ЭМЯ-наас Үндэсний хэмжээний Молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулжээ
ЭМЯ-аас Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нөөцийг зөв зохион байгуулж, ашиглах замаар хүний нөөцийг чадавхижуулах, бэлэн байдлыг хангах зорилготой PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаа юм.Лаборатори хоногт 6000-8000 шинжилгээ хийж 24 цагаар ажиллах бөгөөд ЭМЯ-ны болон Азийн Хөгжлийн Банкны нийт 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Seegene үйлдвэрийн Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй, хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат, хэрэгслээр тоноглосон юм.
УНТЭ-ийн түр лабораторид 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3 ээлжээр ажиллахаар бэлэн байдлаа хангаад байна. Тодруулбал, ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж бэлтгэн, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан байршуулж ажиллуулж байна. Мөн орон нутгийн болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд байрлах байр, хоолны зардлыг ЭМЯ бүрэн хариуцаж, анхаарч байна.
УНТЭ-ийн түр лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 цагт 960, 24 цагт 1920, 4-өөр багцалж шинжлэхэд 7680 шинжилгээ хийх боломжтой бөгөөд хоногт 38,400 молекул биологийн шинжилгээ хийснээр УБ хотын хэмжээнд хийх PCR шинжилгээний хүчин чадал 25% хувиар нэмэгдэх юм.
Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.