Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нэмэх 2020-2021 (ОҮБТС+)”-ийн эхний 2 үе шатны үр дүнг өнөөдөр танилцууллаа

Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нэмэх 2020-2021 (ОҮБТС+)”-ийн эхний 2 үе шатны үр дүнг өнөөдөр танилцууллаа

ОҮБТС+ нь улс орнуудад зайлшгүй шаардлагатай үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий мэдээллийг цаг тухайд нь цуглуулах, мэдээлэх зорилготой компьютерийн тусламжтай утсаар судалгаа авах НҮБ-ын Хүүхдийн Сангийн ОҮБТС-ны хөтөлбөрийн шинэ санаачилга юм.

Судалгааны зорилго нь хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг ашиглан тогтмол мэдээлэлтэй болоход оршино. Онцгой байдлын үед хүүхэд, өрхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буй талаар мэдээлэлтэй байж, түүнийг ойлгох нь цаг үеэ олсон, холбогдох арга хэмжээ, бодлого шийдвэрийг гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тус судалгаанд Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авсан бөгөөд үүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь нийт өрхийн 68 хувьд хүрсэн байна.

Хүүхэдтэй өрхийн хувьд энэ үзүүлэлт 98 хувь байна. Нийгмийн даатгалын төлбөрийг чөлөөлөх арга хэмжээ хотод илүү хэрэгжсэн (хөдөөд 19 хувь, хотод 31 хувь) бол ноолуурын урамшуулал хөтөлбөрт хөдөөд 61 хувь, хотод 5 хувь хамрагджээ.

Судалгааны үе шат бүрд өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, КОВИД-19 цар тахлын үе дэх бэрхшээлүүдийг тодруулсан бөгөөд нэгдүгээр шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар, хоёрдугаар шатанд хүнсний аюулгүй байдал болон хүүхдийн хоол тэжээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан.

Хот, хөдөө нь түүврийн гол домэйн бөгөөд нийт 2,200 өрхийг түүвэрлэсэн. Түүврийг 4 бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар хуваарилагдсан. Судалгааны 1-р үе шатны мэдээллийг 2020 оны 9 сарын 18-аас 10 дугаар сарын 25 хооронд 3 хэсэгтэйгээр цуглуулсан бол 2-р үе шатны мэдээллийг 2020 оны 12 сарын 1-14-ний өдрүүдэд цуглуулсан.

Панел дата үүсгэхийн тулд судалгааны үе шатуудад ижил өрхийг судалгаанд хамруулсан. Судалгааны дараагийн үе шатанд хүүхдийн зайн сургалт ба хүүхэд хамгааллын талаар мэдээлэл цуглуулна. Судалгааны цааш цаашдын үе шатуудын сэдвийг тухайн үеийн үүсч буй мэдээллийн хэрэгцээнд үндэслэн тодорхойлно.

Судалгааны мэдээллийг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, олон улсын болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, судлаачид, олон нийт, оюутан сурагчид, эрдэмтэн, сэтгүүлчид нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг авахаас гадна өөрсдийн үйл ажиллагаа болон эрдэм шинжилгээний ажилд ашиглах боломжтой юм.

ОҮБТС+ тайлан, илтгэл, инфографик болон хяналтын самбар нь ҮСХ-ны албан ёсны пэйж хуудас болон www.1212.mn, НҮБ-ын Хүүхдийн сангийн mics.unicef.org цахим хуудсанд тавигдах юм байна


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна