ШАДАР САЙД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн Хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн үзүүлж ирсэн.
“КОВИД-19” цар тахал гарсантай холбогдуулан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 158.8 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжийн 6 төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй, түргэн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэнд Шадар сайд талархал илэрхийллээ.
Цаашид нийгэм, эдийн засгийн байдал болон Коронавирусийн үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, эдийн засгийг сэргээх, Монгол Улсын Шадар сайдын харьяа агентлагуудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдэд саналаа хүргүүлж, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэн ажиллах чиглэлд хамтран ажиллах талаар санал нэгдэн идэхвтэй ажиллахаа илэрхийллээ.


Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна