2020 он Монгол оронд 1940 оноос хойш ажигладсан 6 дахь дулаан жил болжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны уур амьсгалын жилийн тоймыг танилцууллаа
Монгол орноор дундажласан 2020 оны жилийн дундаж агаарын температур 1.1°C буюу 1940 оноос хойш ажиглагдсан 6 дахь дулаан жил болж өнгөрлөө.
Бүс нутгаар авч үзвэл говийн бүс нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6.0...+9.6°С, тал хээрийн бүс нутгуудаар болон Их нууруудын хотгор орчмоор +2.0...+5.0°С, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -4.0...-8.0°С, бусад нутгаар -1.0...+2.0°С орчим байлаа.
2020 оны өвлийн улирлын агаарын дундаж температур (Зураг 2) Ховд, Завхан, Говь-алтай, Баянхонгор, Хэнтий аймгууд орчмоор олон жилийн дундаж (ОЖД) -аас хүйтэн байсан ба Завхан аймгийн Цэцэн-Уул, Отгон, Ховд аймгийн Цэцэг, Зэрэг сум болон Баянхонгорын хойд нутгаар ОЖД-аас -2.5-аас -4.4°С-аар илүү хүйтэрсэн. Харин Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын зарим нутгаар ОЖД-аас 1.0-ээс 1.5°С-аар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байжээ.
Хаврын улиралд агаарын дундаж температур бүх нутгаар ОЖД-аас дулаан байсан бөгөөд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар 3.0-аас 4.1°С-аар илүү дулаан байлаа.
Зуны улирлын агаарын дундаж температур Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн зарим нутгаар ОЖД-аас 1.0-ээс 1.9°С -аар дулаан, Ховд аймгийн Чандмань, Увс аймгийн Малчин, Өндөрхангай, Баян-өлгий аймгийн Баяннуур сум орчмоор -1-ээс -1.5°С хүйтэн, бусад нутгаар ОЖД-ын орчим байжээ.
Намрын улиралд нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас 1.0-ээс 2.2°С-аар дулаан, бусад нутгаар ОЖД-ын орчим байлаа.
Сүүлийн 5 жилийн сар бүрийн агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулж үзэхэд (зураг 3) 2020 оны 1 дүгээр сараас 5 дугаар саруудад ОЖД-аас 1.1°С-аас 5°С дулаан буюу сүүлийн 5 жилтэй харьцуулахад 4 дүгээр сар хамгийн дулаан сар болж өнгөрсөн байна. Зуны саруудад агаарын дундаж температур дунджийн орчим, харин 12 дугаар сар ОЖД-аас хүйтэн байжээ.
Монгол орноор дундажласан 2020 оны жилийн нийлбэр хур тунадас 251.3 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон 12 дахь хур тунадас ихтэй жил байлаа. Жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалтыг авч үзэхэд (зураг 4) Хөвсгөлийн өндөр уулс, Хэнтийн нуруу, Архангайн хойд хэсэг, Идэр Тэс голын ай сав орчим, Өвөрхангайн Хархорин, Увсын Малчин, Баруунтуруун, Ховдын Чандмань сумдын нутгаар 304-532.5 мм, тал хээрийн болон говийн бүс нутгаар 67.8-181.3 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн гол орчмоор 27.6-65.1 мм орсон байна. Жилийн нийлбэр тунадасны хамгийн их утга нь Хэнтийн аймгийн Дадал сумд 532.5 мм, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумд 507.1 мм тунадас орсон байна.
2020 оны өвлийн улиралд Архангай, Өвөрхангай, Төв, Улаанбаатар, Хэнтий аймаг орчмоор ОЖД-аас 20-60%-иар ахиу, Баян-Өлий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн урьд хэсэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим нутгаар 20-40%-иар бага тунадас оржээ. Хаврын улиралд Баян-Өлгий, Увс, Ховд болон зүүн аймгуудын нутгаар ОЖД-аас 20-80%-иар ахиу, нутгийн төв болон говийн нутгаар 20-60%-иар бага, бусад нутгаар ОЖД орчим тунадас орсон.
Зуны улиралд нутгийн зүүн болон баруун хойд хэсэг, Хөвсгөл орчмоор ОЖД-аас 20-60%-иар ахиу, нутгийн баруун урьд Алтайн өвөр говь, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутгаар 20-60%-иар бага хур тунадас унасан. Намрын улиралд Хөвсгөл, Булган, Архангай, Баянхонгор болон Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим хэсгээр ОЖД-аас 10-40%-иар ахиу, баруун болон Өмнөговь, Дорноговийн аймгуудын зарим хэсгээр ОЖД-аас 10-40%-иар бага, бусад нутгаар ОЖД орчим хур тунадас орсон.
Сүүлийн 5 жилийн сар бүрийн нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулж үзэхэд (зураг 6) 2020 оны 1, 4 дүгээр саруудад ОЖД-аас 40-60% -иар бага, 6,9,10 саруудад дунджийн орчим, 2,5,7,8 саруудад 10-60 хувиар ахиу тунадас орсон ба сүүлийн 5 жилтэй харьцуулахад 2 дугаар сар хамгийн их хур тунадас орсон сар байлаа.
2020 онд улсын хэмжээнд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 90, гамшигт үзэгдэл 11 удаа болсноос салхи шуурга 19, нөөлөг салхи 13, их цас, нойтон цас 4, цочир хүйтрэлт 7, их бороо 11, мөндөр 10, аянга цахилгаан 15 удаа тус тус ажиглагдсан. Үүний улмаас 15 хүн амь насаа алдаж, 14 хүн гэмтэж, 11955 мал хорогдож, 7 зам, гүүр эвдэрч, 976 гэр, хашаа нурж, 17 барилгын дээвэр хуурч, 7 эрчим хүчний шон унасан ба 11339 га тариалангийн талбай өртсөн бөгөөд улс нийгэмд 7 тэрбум 625 сая 187 мянган 426 төгрөгийн шууд хохирол учирсан байна.