Улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 16 хүнд халдвар илэрчээ
Улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 16 хүнд коронавирусний халдвар илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 940 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Шинээр илэрсэн 15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна. Өчигдөр мэдээлсэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суучгдаас 9, "Монос" эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн” гэв.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1584 болжээ. Үүнээс 1046 хүн эдгэрсэн бол 526 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрчээ.