У.Хүрэлсүх: Монголын төр хариуцлагаа үүрч, улстөрд шинэ соёл оруулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч буйгаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ: Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй үйлдэл гаргасныг дурдаж, хүнлэг бус, сэтгэл эмзэглүүлсэн асуудалд эцэг хүнийхээ хувьд харамсаж буйгаа илэрхийлээд хариуцлага алдсан албан тушаалтны нэрийн өмнөөс болон хувиасаа уучлал хүслээ. Тэрбээр, "Цар тахлын үед Засгийн газар, УОК бүхий л нөөц боломжоо дайчилж ирсэн. Цаг тухай бүрт нь хилээ хааж, бүх нийтийн бэлэн байдалд шилжих арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсад коронавирусээр амиа алдсан хүн одоогоор байхгүй байна. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа гардаг. Гэвч алдаа гаргавал хариуцлагаа үүрч чаддаг байхыг мэдэгдлийнхээ үеэр сануулсан юм. Дээрх алдаанаас болж миний кабинетын хоёр гишүүн огцрох өргөдөл өгсөн. Би цэргийн хүн. Дайны гал шугамд тулалдаанд хамт ялж, ялагдвал тэндээ үлддэг нь цэрэг хүний хувь заяа байдаг. Энэ кабинетыг анх байгуулахдаа бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Ард түмэн энэ явдлаас болж сэтгэл зовнисон, залуус төр засагтаа харамсаж байгаагаа илэрхийлж жагссан нь маш зөв зүйл гэж би бодож байгаа. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс ард түмэн төр засагтаа үгээ хэлж, тавьсан шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа хамт үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Магадгүй, Монголын улстөрд шинэ соёл оруулж байгааг үгүйсгэхгүй". Мөн энэхүү жагсаалыг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч ард түмнийг үймээнд турхирч хөрөнгө, санхүүжилт хийсэн хэмээн ярив. Тиймээс Ерөнхий сайдын хувьд, Ерөнхийлөгч, Засгийн газрын институц хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх, үүнээс улбаалж олон нийтийг хамарсан үймээн болохоос урьдчилан сэргийлж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Гэвч энэ бол улстөрөөс бүрмөсөн явж байгаа хэрэг биш, монгол төрийн төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ гэж мэдэгдлээ