Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцорлоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг батлав. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хувь дэмжиж, тогтоолыг батлав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн Засгийн газрын тэргүүн томилогдох хүртэл үүргээ гүйцэтгэхийг уг тогтоолоор үүрэг болгож буй юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “У.Хүрэлсүхийн хүсэлтийг УИХ хүлээн авч, шийдвэрээ гаргах гэж байна. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох заалт Үндсэн хуульд бий. Цар тахлаас ард олноо, улс орнынхоо эдийн засгийг хамгаалах, гарз хохирол багатай даван туулахын төлөө Засгийн газар, УОК, иргэд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Гэвч зарим төрийн албан хаагчид цар тахалтай тэмцэх ажилдаа алдаа гаргаж, явцуу сэтгэлгээнээс болж нялх биетэй эх хүний эрхийг ноцтой зөрчсөн нь Засгийн газар огцрох үндсэн шалтгаан болж байна. Цар тахлын үед хүн бүр улс орон, ард түмнийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хэцүү цаг үеийг хамтын хүчээр давж, эвийг эрхэмлэх нь чухал байна. Улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалах, түүнийг зохион байгуулах нь Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг цохон тэмдэглье. Үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах нь УИХ-ын нэн тэргүүний үүрэг юм. Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх ёсгүй. Төрийн ажил нэг ч өдөр алдагдаж болохгүй. Тиймээс Засгийн газраа шуурхай эмхлэн байгуулахад анхаарах ёстой” гэлээ.
Ингээд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.