COVID-19 цар тахлын улмаас 132 сая хүн өлсгөлөнд өртжээ

Дэлхийн хүнсний хангамж өнөөг хүртэл хангалттай, олон улсын зах зээл тогтвортой байгаа мэт боловч COVID-19 цар тахал манай хүнсний систем дэх үндсэн дутагдлыг илүү тодорхой гаргаж ирсэн. COVID-19 цар тахлын эдийн засгийн үр дагавар нь 2020 оны эцэс гэхэд 83-132 сая гаруй хүнийг архаг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэжээ. Тиймээс ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн Ногоон долоо хоног үйл ажиллагаа “Цар тахал болон цаг уурын өөрчлөлтийн энэ цаг үед дэлхийг хэрхэн хоол хүнсээр хангах вэ?” сэдвийн дор 2021 оны 01 дүгээр сарын 18-22-ний өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд  Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчид болон дэлхийн нийт 75 орны хөдөө аж ахуйн сайд,  14 олон улсын байгууллагын өндөр албан тушаалтнууд оролцлоо. Хуралдаанд оролцогчид цар тахлын болон цаг уурын өөрчлөлтийн үед дэлхийг хэрхэн хоол хүнсээр хангах асуудлаар хэлэлцэж баримт бичиг боловсруулжээ. 2014 оноос хойш дэлхий даяар өлсгөлөн нэмэгдэж, COVID-19 тахал болохоос өмнө 690 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхийн 2 тэрбум орчим хүн хангалттай хоол хүнсээр тогтмол хангагдаж чадахгүй, 3 тэрбум хүн эрүүл хооллож чадахгүй байна. Энэ нөхцөл байдал нь дэлхийн хоёр том сорилт болох COVID-19-ийн цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хурцдаж байгааг оролцогч талууд цохон тэмдэглэсэн юм.

Үүний зэрэгцээ цаг уурын өөрчлөлт нь дэлхийн хамгийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд дэлхий нийтээрээ үүний эсрэг хамтдаа тэмцэн, оновчтой шийдлийг бий болгож олон улс, фермерүүд, төрийн бус, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн санал санаачилга, хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.

Өнөөгийн цар тахлын хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлд үзүүлэх нөлөөллийг аль болох багасгах, ирээдүйн цар тахлаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох зорилгоор салбар дундын олон талт хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл нэн шаардлагатай байгааг Дэлхийн хөдөө аж ахуйн сайд нар хүлээн зөвшөөрч, албан ёсны мэдэгдэл тунхгийг санал нэгтэйгээр дэмжсэнээр Хөдөө аж ахуйн сайд нарын 13 дахь чуулга уулзалт цахимаар болж өндөрлөлөө. 

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна