Сүүлийн 24 цагт 13 хүнээс коронавирус илэрсэн нь бүгд Улаанбаатар хотоос байна

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр  хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илэрсэн нь бүгд Улаанбаатар хотоос байна. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ   12 039 хүнд шинжилгээ хийсэн байна.

Батлагдсан тохиолдлуудаас хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь коронавирусын кластер голомтоос илэрчээ.  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас долоон тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлууд. Гудамж хорооллооос бүртгэгдсэн эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсан байна. Тиймээс үйлчилгээний байгууллагууд халдварын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа санууллаа. Түүнчлэн СБД-ийн 45 дугаар байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой тус байрны 121 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. Мөн Дамба, Бэлхийн задгай орчмын 204 өрхийн 592 хүнд PCR шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар сөрөг гарсан байна. 14 хоногийн дараа давтан шинжилгээг хийхээр  болжээ. Мөн төв талбайд өчигдөр жагсаал болсонтой холбоотой хоёр хүнийг тусгаарлан шинжилгээ авахад урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй байна. 

Улсын хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол 1656 болж бүртгэгдэж байна.  Үүнээс 1211 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Эмчлүүлж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байна гэж ЭМЯ мэдээллээ


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна