Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаад шинэ тээврийн хэрэгслүүдтэй болжээ
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголтын зээлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг гардуулан өглөө.
Тодруулбал УТХГ-ын Отгонтэнгэр, ХанХэнтий, Богдхан уул, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Хангайн нурууны БЦГ зэрэг 9 хамгаалалтын захиргаанд моторт завь, 2-4 хүний суудалтай цасны мотоцикл, сольдог тэвштэй хогны машин зэрэг 7 төрлийн 23 тээврийн хэрэгслийг хамгаалалтын дуулга, бээлий, шил , аврах хантааз зэрэг иж бүрэн дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэсэн өгсөн юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг тэлж, бартаа саад ихтэй, дэд бүтэцгүй унаган байгаль бүхий газарт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд нэн шаардлагатай, туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийг эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан, холбогдох бүх ажлыг шуурхай зохион байгуулан, хүлээлгэн өгч байгаадаа таатай байна. ТХГН-ийн хамгаалалтын захиргаадад ийнхүү хамгийн сүүлийн загварын тээврийн хэрэгслийг олгосноор жилийн 4 улиралд гадаа хүнд нөхцөлд ажилладаг манай байгаль хамгаалагчид богино хугацаанд хүрэх газраа хүрч, албан үүргээ сайн гүйцэтгэх боломж бүрдэж, ТХГН-т гардаг аливаа
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагааг газар дээр нь таслан зогсооход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.” гэсэн юм.
Мөн тэрээр Монгол-Германы Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд тус төслийг санаачилж, санхүүжүүлэн, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй ХБНГУ-ын Засгийн газар, Германы Сэргээн босголт, зээлийн банк болон дэмжин ажиллаж буй бусад албаны хүмүүст БОАЖЯ-ны өмнөөс талархал илэрхийллээ.