Хоёрдугаар улирлын хичээлийг 2 дугаар сарын 1-нээс зайн сургалтаар эхлүүлнэ

БШУЯ 2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулах юм.

"COVID-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 2, 3 дугаар сард нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахаас болгоомжилж байгаа аж. Мөн цаг уурын байгууллагын мэдээлснээр, хоёрдугаар сард их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал хэмээн үзсэн байна.

Өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа. Эдгээрт цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхэд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй Цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсэж болзошгүй байна. Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан. Танхимаар эхлүүлэхийг 16 хувь, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээл эхлүүлэхийг 20 хувь гээд нийт хүүхдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн. Тиймээс БШУЯ-наас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаар эхлүүлнэ.

Танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эсвэл хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг УОК-т танилцуулж, Засгийн газрын шийдвэрлэсний дагуу, албан ёсоор олон нийтэд мэдэгдэх юм байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна