"Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоох санал гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалтууд Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцож, үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна